Wednesday, December 21, 2016

ХҮҮХДЭЭРЭЭ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ГЭЖ ЯАРАХ ЮУН




Яг цаг барих тал дээр сүрхий биш мөртлөө амьдралыг дэндүү их яарч барцгаах юм, бид. Хорин нас хүрэв үү үгүй юу, "эхнэр аваач, нөхөрт гараач" гэх үгийг жилд гурваас дээш удаа сонсч эхэлнэ. Албаар тэгдэг юм уу, асуух юм олдохгүй тэгдэг юм уу бүү мэд. Гэхдээ амьдралд дөнгөж хөл тавьж, оюутны ширээнээс босч амжаагүй байгаа залуу нэгнээ яах гэж тэгдэгийг ЯАРУУ МОНГОЛ-ын яруу тэнгэр л мэдэх биз. Бөөн үүрэг хариуцлага шүү дээ гэдгийг тухайн үедээ өнөөх залуу настан нь ч мэдэхгүй, шилээ маажна. 
За тэгээд, нэг "юм"-тай болов уу үгүй юу, өөрсдийгөө ч бүрэн таньж амжаагүй байхад нь "хүүхэд гаргаач ээ, оройтлоо" гэж дарамтлана. Юунаас оройтчихно гэж? Эрх дураараа, өөрийн хүссэнээрээ амьдрах циклиэсээ гарахад оройтчихно гэж үү, эсвэл өглөө эрт хэн нэгний цайг чанаж, шөнө нойроо хугаслан хүүхдээ хуурайлж, өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болох цаг хомсдчихно гэж тэр үү? 

Wednesday, December 14, 2016

ЧАМГҮЙГЭЭР ӨНГӨРӨӨСӨН МИНИЙ НЭГ САР


Хайрт минь. Ингэж нэг юм чамтайгаа учран золгох гэж. Гэхдээ хамгийн хачин нь чи миний сэтгэлийг бүрэн эзэмдэхээ больжээ. Чамгүй байсан миний амьдралын нэг сарын хугацаа хэдий бага мэт сонсдовч маш үр дүнтэй, зөв алхам болжээ гэдгийг би одоо хожуу боловч ухаарсандаа бахдаж сууна. Өмнө нь чи миний амьдралын гол дүр байхад өглөө босуутаа чамайг гэж, өдөр ажил дээр ч чи нүдний өмнө, орой гэрт ч чамайг л гэж утсаа оролддогсон. Дараа нь чи найзууддаа намайг дурлуулсан. Миний бүх амьдрал та нараас хамаатай мэт болж, амьдралынхаа тайланг цаг минуттай нь та нарт бичих хэрэгтэй юм шиг санадаг болов. Гэхдээ ганцхан би чамайг хайрладаг байгаагүй ээ. Миний найз нөхөд, миний эргэн тойрны бүх хүн, зөрж өнгөрөх бүхэн, зөвхөн энд ч биш дэлхий даяар чамайг "хайрлаж" байна,

Saturday, November 12, 2016

ЖОН РИЛАНДЫН НОМЫН САН



  Манчестер хот дахь Жон Риландын номын сантай танилцлаа. 1900 оны 1 сарын 1-нд нээгдэж байсан уг өргөө тухайн үедээ Викториа их сургуулийн номын сан байсан түүхтэй. Харин 1972 онд Манчестерийн их сургуулийн номын сантай нэгтгэн өргөтгөжээ. 

Saturday, October 29, 2016

ХЭЗЭЭНЭЭС


Хэзээнээс ийм болчихов доо хоёулаа, хайрт минь
Хагацал үл салгах мэт нэгнээ хайрласан цаг саяхан
Харин одоо хар даа, асуудал үүсэх бүрт бурууг нөгөөгөөсөө эрж
Харамсахгүй мэт булай үгсийг чөлөөтэй чулуудах болж.
Хайр гэх үгийн илэрхийлэл болсон үе чи бид хоёрт байсаан
Хүн бүхэн эргэж харам аз жаргалын гэгээ бидний нүдэнд асдагсан
Харин одоо хардаа, чи миний нүд рүү, би чинийх рүү
Хаана байна, хэзээ ч бөхөшгүй мэт байсан тэр тод оч?

Sunday, October 23, 2016

ЭРТХЭН ОЛЖ УНШИХ МИНЬ ЯАЛАА


Би гэдэг хүн утсан дээрээсээ бүх сошиал аппликэйшнуудаа устгаад яг долоо хонож байна. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө илүү цаг гаргах гэж тэр. Үнэхээр хамаагүй өөр амьдралаар амьдарч эхлээд байгаа шүү. За тэр яахав. 😁 Та нартаа нэг юм хэлэх гээд бүр бодон бодон, яаран яаран "хальтхан" ороод гарч байгаа минь энэ ээ.
Spencer Johnson-ний "Who Moved my cheese?" гээд номыг олж уншаад аливааг харах өнцөгөө өөрчиллөө гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй байх.

Tuesday, October 18, 2016

ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ТЭМДЭГЛЭСЭН ПОСТ


Яг энэ мэдрэмж миний амьдралд битгий олон байгаасай. Яагаав... Гурван жилийн өмнө л яг ингэж сэтгэлээр унаж баахан юм бодож сууснаа санаж байгаа биз дээ. Шалтгаан нь мэдэгдэхгүй. Ямар нэг юманд шаналаад байгаагаа л мэдэрч байгаа. Зүгээр л бүх юм гэнэт доош уначихсан юм шиг мэдрэмж. Гэхдээ хойноос нь тонгойж юмаа авмааргүй, тэр чигт нь хаячихмаар. Биеэ чагнаад л, амьсгалахаас ч залхуу хүрэх шиг.

ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС АМЬДАР



Эрүүл л байвал амьдралд инээх шалтгаан мундахгүй ээ. Өнөөдөр өглөө та ямар ч өвчин мэдрэхгүй сэрсэн бол өөрийгөө дэлхийн нийт хүн амын 30 хувиас илүү аз жаргалтайд тооц гэж уншиж байхдаа утгыг нь нэг их ойшоолгүй өнгөрч байж. Бидний бие цогцос ганцхан хувь, эд эрхтэнд сэлбэг гэж заяагаагүйгээс хойш эдэлгээгээ урт байлгахын тулд эртнээс л гамнаж, өөрөө л эрүүл биеэ хайрлаж амьдрах хэрэгтэйг ойлголоо. Ходоод хогийн сав биш, эрүүл мэнд тоглоом биш. Өвдсөн бол өөр хэний ч биш бидний таны л хохь болох учраас яг одооноос л биеэ бодоорой. 

ИЖИЙ НЬ ОЛЖ ҮЗЭЭД УЙЛАХ ВИЙ, ДҮҮ МИНЬ!



Махаа тасдан байж төрүүлсэн үр минь шүү дээ гэж голдоо ортол гомдох вий.
Хүн бүр өсвөр насыг тойрч биш дайраад өнгөрдөг хойно үсчсэн, цовхочсон, сарвалзсан зан гарахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Эхийгээ үхээсэй гэж хараах хүртэл бол огт биш. 
Магад энэ хүүхдийн ээжид ганцхан буруу бий. Охиндоо тайван зааж зөвлөн тайлбарлахын оронд шууд хувийн орон зайд нь халдаж, хүчээр таслан зогсоохыг оролдсон гэмээнэ. Гэхдээ л эх хүн хэзээ байтлаа хүүхдэдээ мууг санаж, хорлохыг хүсээ аж дээ. Чадах ч үгүй.
Том болсон мэт мэдэрдэг, хэнээр ч юм хэлүүлмээргүй санагддаг өсвөр нас, өнгөрсөн үе хүн бүхэнд л бий. Биеэ даачихлаа, өөрөө өөрийнхөө бөндгөрийг мэдэх цаг нь боллоо гэсэн бодол тээж, том толгойлж явах үед, ээжийгээ надад юм хэлээд, хэлсэн үгийг нь тоохгүй гөжүүдлэн зогсоход минь цохиод авч билээ. 

ОНГОД ХӨГЛӨГЧ LAKE DISTRICT


Английн баруун хойд хэсэгт байрлах Lake District-ээр аяллаа. Нуурын хоер талын эрэг дэх ой модод, уулс гээд байгалийн үзэсгэлэнт газраараа жуулчдыг ихээхэн татаж чадсан аялал жуулчлалын бүс нутаг. Английн хамгийн цэнгэг устай нуурт тооцогддог бөгөөд Ирландын далайд цутгадаг. Далайн түвшинээс дээш 910 метрт байрлана. 
Хоер эргийн хооронд 15 минут тутамд усан онгоц, завь явдаг, явах бүртээ дүүрэн хүнтэй /нэг хүний 10 паунд, хувийн усан завь түрээслэхээр бол нэг цагийн 100 паунд/ -г нь хараад багахан атаархсан. Аялал жуулчлалаа хөгжүүлж чадсан улс орон, жижигхэн нуурын эрэг дээр хүртэл зовох юмгүй амьдарч, мөнгийг хүүлж чадаж байгаад нь. За тэр яахав.

ШОТЛАНД- ЭДИНБУРГ ХОТООР АЯЛСАН НЬ


"Умардын Афин" гэгддэг Эдинбург хотоор хоёр хоног аялаад ирлээ. Энэ хот нь Европын аялал жуулчлалын томоохон бүс нутаг бөгөөд жилд 12 орчим сая жуулчид ирдэг. Нэгдсэн Вант Улс дотроо жуулчдаараа Лондоны дараа хоёрт ордог юм байна.
Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгт тооцогддог. Учир нь Эдинбург нь Шотландын зүүн өмнөд хэсэгт, Төвийн Бүсийн зүүн эрэг дээр, Ферт-оф-Фортын дагуу, Хойд тэнгисийн орчим оршдогоос гадна дундад зууны үеийн болон Жорж хаадын үеийн архитектур бүхий барилга зонхилсон байдаг.

GIRLS DAY OUT IN LONDON



Дэлхийг тойрч аялна гэсэн мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биелж л байна. Үүргэвчээ үүрээд хаа сайгүй явнаа. Очих газар их, уулзах улс олон, үзэх зүйл мундашгүй байна даа. Лондон үнэхээр таалагдсан жуулчны хувьд, гэхдээ тавтай амьдрах хот биш юм шиг ээ. 

ШАНТРАХ ҮЕДЭЭ УНШИХ ПОСТ



Заримдаа бүхнийг зөнд нь орхиод, буугаад өгчихмөөр үе байх юм. Яагаад заавал болгохын тулд тэмцэх естой гэж, ядарч байна гээд явж байсан зам дээрээ зүгээр л тэрийгээд хэвтээд өгмөөр. 
Хүн гэдэг амьтан мэдэхгүй зүйлээсээ л хамгийн их эмээж, айдаг юм байна. Туршиж ч үзээгүй байж, өөртөө хийсвэр айдас үүсгэж, хэзээ ч давж чадахгүй гэж тархиндаа итгүүлдэг. Гэтэл тэр нь зориглоод гагцхан том алхахад л ард нь хоцрох жижигхэн гүвээ байх нь бий.

Monday, September 26, 2016

ЗАЛУУ НАСАА, ЧИ ДАРАА АХИЖ ИРЭХ ҮҮ??


Үргэлж л арваннаймт байх юм шиг, үргэлж л ирвэж дэрвэнхэн явах юм шиг санаж дээ гэж хэлэх буурлын үг... Амьдралынхаа сүүлийн мөчийг хүлээж суугаа өндөр настай өвчтөнүүдээс "та амьдралаа эргээд харахад юунд хамгийн их харамсч байна" гэж асуухад бүгд хийсэндээ биш, ХИЙЖ АМЖААГҮЙ зүйлдээ л харамч байна гэж хариулж. Тэр л үед зориглож хийсэн бол, тэр л үед хойш суугаагүй бол, тэр цаг мөчид л шийдэж чадсан бол гэх асар их харуусал.
Бид мөнх залуу хэвээрээ байх юм шиг бүгдийг ДАРАА НЬ гэж хойшлуулдаг. Өнөөдрийн хувьд мөнгө, ажил, карьер, улс төрийн хөгжил чамд чухал байж болно. Гэхдээ залуу нас чинь энэ бүхний хажуугаар цаг мөч өнгөрөх тусам урсан алга болсоор л байна, тасралтгүй.
Өчигдөрхөн эрүүл саруул, амьдралынхаа төлөө гээд завгүй ажиллаж байсан цэл залуу хүн маргааш энэ хорвоогоос бүрмөсөн явахад түүнээс хоосон мөрөөдөл нь л үлдэнэ.

Wednesday, September 21, 2016

"УРАМ" хэмээх сэтгэлийн ВИТАМИН


Энэ витамин олдоц тун ховор. Учир нь үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн бэлэн болмогц тараахгүйгээр шууд устгадагтай холбоотой. Хуурамч, "A, B copy" нь харин их. Хуулбар нь атаархлын өнгө аяс, худлаа нь илт, хөөргөсөн агаарын үгсээр илэрнэ. Урам хэмээх витаминыг угтаа бол та, би, хэн ч байсан үйлдвэрлэдэг. Харамсалтай нь тэр бүр хэрхэн гаргахаа мэддэггүй, эсвэл импортлочихвол дотоод нөөц дуусна гэж айдаг байх.

Sunday, September 18, 2016

ХУВИА ХИЧЭЭ ХОНГОР МИНЬ!


Ингэж хэлэхээр хэн нэгний өөдөөс арсалзсан, шүүмжилсэн өнгө аясыг буцаагаад шидэж байгаа мэт санагдаж магад. Гэхдээ энэ удаад би нөгөө утгыг нь гаргахыг оролдлоо.
Чи л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй гэх үгийг өмнө нь хэн нэгнээс хэдэн зуун удаа сонсож байсан л биз?  Ажаад байхнээ бүсгүйчүүд бид өөрийгөө хайрлаж байгаа нь энэ гэж хааяахан нэг шинэ юм худалдаж авах, үс хумсаа янзлуулахаас хэтрэхгүй. Бидний өөрийгөө хайрлаж чаддаггүйн хамгийн том илрэл хайр дурлал гэх нэрийн дор хэн нэгний хараат болох явдал. Хайрлуулах, халамжлуулах гэж хүнтэй нийлдэг болохоос биш эрх чөлөөгөө боолгуулах, өмнөөсөө шийдвэр гаргуулах, цагдуулах, өөрөө хүсээгүй зүйлээ хийх, дарамтлуулах гэж бид ТЭДНИЙГ сонгодоггүй. Энэ бол хайр биш.

Дуртайд ХҮЧТЭЙ


"Багш нартай чинь уулзахад хичнээн урамтай" гэж эмээ минь намайг магтдаг байж билээ. Нүүр улайхгүй. Харин дүүг маань багш нар нь хичээлдээ дургүй, дуртай ганц хоер хичээлээ л хийдэг гэж эмээгийн "нүүрийг түлдэг" байж. Яагаад төрсөн эгч дүүс ийм өөр байдаг байнаа гэж эцэг эхийн хуралд сууж орж ирэх бүртээ хэлнэ. Химийн хичээлийн багш нь танай хүүхэд үелэх системээ ч мэдэхгүй гэж "ховлож", эмээ дүүг маань зэмлэхэд "Тэр хэдэн томьео чинь амьдралд ямар хэрэгтэй юм. Би ус уухаас биш, ууж байхдаа энэ ийм томьеоноос бүтсэн дээ гэж бодохгүй биз дээ" гэж таг болгосон байгаа юм. Энэ бүхнээс хэн хожсон гээч, миний дүү.

Friday, September 9, 2016

Гуравдагч орны иргэн болохоор!!!

Гуравдагч орны иргэн болохоор!!
Бүгд тэгш эрхтэй гэгддэг ч үнэндээ тийм биш. Ялангуяа ГУРАВДАГЧ орны иргэн бол бүр ч биш.
Аливаа өрсөлдөөн, боломжийн төлөөх тулаанд хүч чадал, мэдлэг боловсролоосоо болж биш гуравдагч орны иргэн учраас гурван алхмын хойноос, ижил бус шугамаас оролцох яг тэр үед ядаж муу зүүн европт төрсөн байсансан бол гэсэн ад чөтгөрийн бодолд хэдийнэ эзэмдүүлэх юм.

Tuesday, September 6, 2016

Тэр үед л


Амьдралд ганцхан удаа өнгөрсөн цаг үе рүүгээ буцах, эсвэл хэсэг үеийг алгасаад ирээдүй рүүгээ очих боломж байдаг байсан бол та ашиглах байсан уу? Туулж өнгөрүүлсэн бүхэн минь дийлэнх нь бидний шийдвэрээс үүдэлтэй, ирээдүй минь ч бидний зорилготой салшгүй холбоотой ч гэлээ...

Saturday, September 3, 2016

Мөлжүүр ихтэй нь дээр


Өнөөдөр алдарт Битлз хамтлагийн өлгий нутаг Liverpool орчихоод ирлээ. Үнэхээр таалагдлаа. Тэгээд нэг ийм хүн зорьж ирээд сонирхчихоор зүйлтэй болгох юмсан гэж Улаанбаатараа бодож суулаа. Энэ хот хөлбөмбөгийн баг, Битлз хамтлагаараа дэлхийд данстай, өнцөг булан бүрээс гадаадын жуулчид, аялагчид зүглэсэн, хөл хөдөлгөөн ихтэй юмаа.

Төсөөл дөө...


Хөгжил дэвшил хэдийгээр сайн ч хэтийдвэл юу болохыг таашгүй. Өдөр ирэх тусам технологийн дэвшил, шинэчлэл, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн агуу гэж нэрлэгдэх бүтээлүүд биднийг гайхшруулсаар л байна. Гэвч!
Төсөөл дөө...

Thursday, August 25, 2016

Амьдралын хамгийн үнэт зүйл


"Чиний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Ирээдүйгээ ямар байгаагаар төсөөлж байна?" хэмээн багшийн тавьсан БАЙДАГ Л НЭГ асуултад нэг нэгээрээ хариулж байлаа. Эхний эгнээнд сууж байсан Итали бүсгүйн амьдралд нь нэр төр юу юунаас илүү чухал, ирээдүйд мэргэжлийнхээ оргилд нь хүрнэ гэсэн том зорилготой гэснээр бидний "халуухан" яриа эхэллээ. Түүний хажууд суух Тайланд бүсгүй "мөнгө хамгийн чухал нь, ирээдүйд би дэлгүүрээс юм худалдаж авахдаа үнийн шошгыг нь харахгүй авдаг болохсон гэж мөрөөддөг" хэмээн их л хошигносон байдалтай хэллээ. Яг миний хажууд сууж байсан Сири бүсгүйн ээлж ирэхэд

Monday, August 1, 2016

Би СЭТГҮҮЛЧ

Сэтгүүлч гэдэг мэргэжил эзэмшсэндээ өнөөдөр сэтгэл бахдам байлаа. Танхимд сууж байсан хүмүүсийн дундаас нэг франц охин хөөөх чи нээрээ сэтгүүлч юм уу гэхтэй зэрэгцэн бусад орны хүмүүс монголд сэтгүүлчээр ажиллах ямар вэ, би сэтгүүлч болох юмсан гэж мөрөөддөг байсан, чи азтай юмаа гэж дуу дуугаа авалцаж бөөн асуулт асуух юм. Энэ мэргэжлийг сонгосондоо дотроо бяцхаан хөөрч, асуултад үнэнхүү аз жаргалтай хариулж суулаа. Зарим нь чиний fan page байдаг уу ч гэж асууна лээ.

Sunday, May 1, 2016

Гүнжийн алтан шаргал үс



Өчигдөр охины минь төрсөн өдөр болж, давхар сайн өдөр нь тохиосон тул даахийг нь үргээсэн юм. Хамгийн эхэнд буурай өвөө нь үсэнд хүрэхээс эхлээд л охин минь уйлаад, тэр хавиар нэг юм болов оо. Миний үсийг яаж хайчилж чадаж байнаа, би одоо яахын, Батукад юу гэж хэлэхийн /цэцэрлэгийн ангийнх нь "залуу"/, буцааж наа л гэнэ. Тэгэхээр нь миний охин үсээ хүмүүсээр ингээд жаахан жаахан хайчлуулаад байвал сүүлд нь гоё гүнжийн алтан шаргал үстэй болдог байхгүй юу гэж аргалж байгаад нэг юм дууслаа. 

Орой нь үсчин орохоор явж байтал замын турш