Яг цаг барих тал дээр сүрхий биш мөртлөө амьдралыг дэндүү их яарч барцгаах юм, бид. Хорин нас хүрэв үү үгүй юу, "эхнэр аваач, нөхөрт гараач" гэх үгийг жилд гурваас дээш удаа сонсч эхэлнэ. Албаар тэгдэг юм уу, асуух юм олдохгүй тэгдэг юм уу бүү мэд. Гэхдээ амьдралд дөнгөж хөл тавьж, оюутны ширээнээс босч амжаагүй байгаа залуу нэгнээ яах гэж тэгдэгийг ЯАРУУ МОНГОЛ-ын яруу тэнгэр л мэдэх биз. Бөөн үүрэг хариуцлага шүү дээ гэдгийг тухайн үедээ өнөөх залуу настан нь ч мэдэхгүй, шилээ маажна.
За тэгээд, нэг "юм"-тай болов уу үгүй юу, өөрсдийгөө ч бүрэн таньж амжаагүй байхад нь "хүүхэд гаргаач ээ, оройтлоо" гэж дарамтлана. Юунаас оройтчихно гэж? Эрх дураараа, өөрийн хүссэнээрээ амьдрах циклиэсээ гарахад оройтчихно гэж үү, эсвэл өглөө эрт хэн нэгний цайг чанаж, шөнө нойроо хугаслан хүүхдээ хуурайлж, өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болох цаг хомсдчихно гэж тэр үү?
Манайхан хүүхэдтэйгээ хамт өсөөд явчихна, зүгээр гэдэг. Бас ч сэтгэл үл ханам өнгөөр, дараагийн хүүхэд хэзээ вэ? зай нь холдчихлоо гэж гутгаар дайралтаа эхэлнэ. Гэхдээ тэгж нэхэж байгаа хүн өмнөөс чинь чиний хүүхдийг нэг удаа харж өгөөд, нэг удаа чамайг шөнө бүтэн нойртой хонуулах, нэг сар хүүхдийн чинь памперсийг аваад өгчих "эрх бүхий" хүн мөн бэээз, ядаж?
Би охинтой. Тухайн үедээ их л олон хүнтэй тангараг тасрах шахуу юм болж байж, цээжээрээ толгойгоо мэдээд амьдралд хөл тавьсан. Одоо харамсдаггүй. Гэхдээ "Гэхдээ..." гэсэн бодол эргэлдэж л байдаг. Би энэ бичвэрээ устгахгүй ээ, магад миний охин 20 хүрээд олж үзэх биз. Тэр үед ч гэсэн эх хүний үүднээс охиндоо "гэхдээ, сайн бодоорой" гэж хэлж л сууна байх.
Яаралтгүй ээ, үнэхээр. Ялангуяа өөрөөсөө гадна хэн нэгний төлөө өөрийгөө 100 хувь зориулж, бүх юмнаас татгалзаад ч хамаагүй биеэ золиослоход бэлэн байна гэж дотроо бүрэн дүүрэн хүлээн зөвшөөртлөө. Эрэгтэй хүн бол өөрөөсөө гадна 2 бүтэн хүнийг нуруун дээрээ авч явах үүрэг хүлээнэ шүү. Ядаж гэр бүлээ өлсгөхгүй, дааруулахгүй, дарамтлахгүй хэмжээнд хүрчихээд хариуцлагыг тосч авсан дээр. Бие болоод сэтгэлийнх нь хувьд. "Чадах уу, би үнэхээр?" гэж өөрөөсөө заавал асуугаарай. Чадахгүй бол айлын хүүхэд зовоож яах гэсэн юм. Мөрөөрөө л үерхэж найзлаад явж болохгүй гэж хэн хэлэв.
Гэр бүл төлөвлөлт бидэнд хэрэгтэй байна. Тэгээд нэгэнт олчихсон хүүхдийг яах юм гэж асууна биз. Зарим нь үр хөндөлтийг хөхиүлэн дэмжлээ гэж адлана л биз. Үгүй. Би дэмжээгүй. Анхаасаа л төлөвлө гэж хэлэх гэсэн юм. Хайрлаж болно, хамт амьдарч болно. Бэлэн биш байгаа л бол ХАМГААЛ. Хайртайгаа батлах гэж хүүхэдтэй болдоггүй. Ер нь тэгээд эцсийн эцэст эмэгтэй хүн л өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү, энүүхэндээ шивнэчихэд. Манай Чингис хаад зарлиг, юүндэн буулгаж, цээжээ дэлдэхдээ сүрхий ч хариуцлага хүлээх тал дээрээ сул, ихэнх нь.
Эрт гэр бүл зохиосон нэгнийг буруутгах гэсэнгүй, өөрийгөө адлачихсан болчихно. Зүгээр л хүний шахалтаар БИТГИЙ ЯАР! Цаг нь угаасаа аяндаа ирнэ.
No comments:
Post a Comment