Tuesday, June 6, 2017

АЗ ЖАРГАЛТАЙ ХОТОД АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОГСОД

     Өнөөдөр нэлээд их ажил амжуулах шаардлага гараад өглөө эртээ гараад явлаа. Уг нь би хурданаар нь гээд автобусаар юм уу ихэнхдээ алхаад явчихдаг болоод байгаа. Гэхдээ өнөөдөр эрт замын түгжрэл гайгүй дээр нь шуррр хийх санаатай гэрийнхээ хажуу талаас гар өргөөд нэг такси зогсохоор нь ороод суучихлаа. Сайн байна уу гээд мэндэлтэл хажуу суудал дээрээ ой дөнгөж хүрэх гэж байгаа болов уу гэмээр охиноо суулгасан эмэгтэй байж байна. Тийшээ гэдгээ хэлчихээд, охиныг нь өхөөрдөөд "яасан эрт ээжтэйгээ ажилдаа явж байхын, ээжийгээ дагаад байшиймуу, хүйтэнд гэртээ байж байхгүй" энээ тэрээ гээд л хошуугаа цорвойлгоол, охин ч өөдөөс инээгээд бид хоёр их л маасгар явж байв. 

      Миний энэ ам гэж ам. Гэтэл манай хоёр машиндаа амьдарч байгаа юм гэнэ. Юуу?? гээд л би чинь нүд амаа эргэлдүүлээд яагаад гээд л асуугаадахлаа. Нөхөр нь өөр хүнтэй болоод гэрээсээ хөөж гэнэ. Ой хүрээгүй, өөрийнхөө мах цусны тасархайтайгаа хамт шдээ. Хар өвлийн хүйтэнд. "Үгүй чи чинь тэгээд хөөснийх нь зоргоор гараад ирэхдээ яадаг юм? Өөрөө яв гэхгүй" гэтэл бүр зодоод, нөгөө эмэгтэйнхээ юмыг гэртээ авчирчихаад хоёулаа нийлээд хөөгөөд, үс гэзэгнээс нь зулгаагаад, өшиглөж хүртэл үзсэн гэнэ. Би ч барагтай бол таксины жолооч яриа өдөхөд нэг их ам халахгүйхэн шиг инээгээд л өнгөрдөг юм л даа. Гэхдээ энэ эмэгтэй үнэхээр сэтгэл нь хүнд явж байсан нь илт мэдрэгдээд, хэн нэгэнд ярьж уудалмаар байгаа нь аман дээр нь гарч ирээд буцаад байсан үгнээс нь илхэн байв. 
      Би ирэх ёстой газраа ирчихээд за миний дүү, охиндоо хэрэгтэй юманд нь ядаж нэмэрлээрэй гээд гарсан тооцоон дээрээ нэмээд хэдхэн төгрөг атгуултал, та энд ажилладаг юм уу, удахгүй гэвэл бид хоёр хүлээж байя гэнэ. Би ч нэг бичиг баримт оруулж өгөөд л дараагийн газар руугаа явах байсан болохоор тэгье би удахгүй ээ л гэлээ. За тэгээд бид хоёр ам халаад ярьж эхэллээ. 23тай гэнэ. Чи тэгээд өөрийнхөө гэрт очооч гэтэл ээж аав нь өнгөрөөд, очих газаргүй. Нэг хамаатны эгчийндээ амьдардаг байж байгаад нөхөртэйгээ танилцаад шууд нийлчихсэн юм гэнэ. Эгч нь дэмий юм бишүү гээд хэлээд байхад нь зөрсөөр байгаад зугатах шахуу гарч ирсэн, тэрнээс хойш тоотой л холбоо барьсан болохоор яаж одоо царайг нь харах вэ гэж байна. Хамгийн зэвүүн нь нөхөр нь хөөхдөө "Чамайг ямар би гуйж авч ирсэн биш. Чи өөрөө л гүйж ирээ биз дээ. Наад хүүхэд чинь ч минийх мөн биш нь мэдэгдэхгүй зулбасга" гэж. Ёооё бурхан минь. Нэг байсан биеийг авч сууж хоёр болгочихоод, хэнд ч хэрэггүй хог новш гаргаад чулуудаж байгаа юм шиг тэгээд гаргаж хаяад л болоо юу. Үүрэг хүлээж чадахгүй арчаагүй ч амьтан бол доо. Нөгөөх нь ч аймар нигүүлсэнгүй. Гараад л ирж байдаг. Яаж ашгүй машиных нь түлхүүрийг шүүрч авч амжсан юм. Бас араас нь нэхээд, дарамтлаад л байгаа гэнэ. Олигтой дулаан хувцас ч үгүй хүүхэд нь. 
         Осолтгүй машин дотор яваа юм болохоор хөлдчихгүй л байгаа болтой. Өнөөдөртэй нийлээд 4 хоног ингэж яваа гэнэ. Тэгээд одоо яая гэж боджийн гэхэд, "юу ч гэсэн өнөөдрийг ингээд бараадахъя, ядаж хэдэн төгрөг гаргаад, бид хоёр идэх юмтай, дулаахан яваад байх юм. Найз нөхдөөсөө санаа зовоод, муу хэлэх вий гэж бодоод, тэгээд ч өөрсдийгөө яая гэж байхад нь хүүхдээ дагуулаад очиход хэн дуртай хүлээж авах вэ. Хамаатан садан гэх хүнгүй, яг нөхрөө л харж амьдардаг байсан болохоор одоо яахаа сайн мэдэхгүй байна гэнэ. Хоёулаа хүмүүсээс тусламж гуйя л даа. Ингээд явж байна гээд зургаа тавиад тусламж гуйхад наашаа гэх хүн бишгүй гарна гэхэд за яахав, хэсэг хараадахъя. Ингээд явж байхад эргээд ир гээд дуудах ч юм билүү гээд хоолой нь зангираад нулимс нь цийлэгнэж байгаа нь урд талын толинд нь харагдана лээ. Тэгж өөр эм харж хань ижлээ хөөсөн хүн өөрийнхөө бурууг гэж хүлээн зөвшөөрч, эргэж дуудах юм болов уу даа. Гэртээ буухдаа би түр хүлээж байгаарай гээд дотроос охиныхоо ганц хоёр багадсан дулаан хувцасыг гаргаж өгөөд явуулсан. Ямар өөр чадах юм байх биш. Очоод тэр ЭР ХҮНИЙХ НЬ толгойг тоншиж чадах биш. Намайг тоншлоо гээд ухаарах ч биш. Би энд ямар ч тайлбар хийхгүй ээ. Болсон юм л энэ. Миний тайлбартай тайлбаргүй та өөрийнхөө дүгнэлтийг аль хэдийн хийчихсэн байх. Ийм л аз жаргалтай хотод айл гэр болон тоглоцгоож байна даа бид.
2016.12.27

No comments:

Post a Comment