Tuesday, June 6, 2017

УЧРАЛ БҮР УЧИР ШАЛТГААНТАЙ



        Энэ хорвоо дээр санаандгүй учрал байдаггүй гэдэгт би итгэдэг. Бүгд ямар нэг байдлаар учир шалтгаантай, холбоотой, өгөгдөлтэй. Зарим нь зөрөөд өнгөрөх төдий хоромд шинэ санаа төрүүлж байхад, нөгөө нь тусч зангийн хариуд ус цацаж, сургамж өгч байх жишээтэй. Өөр нэг нь таны хэлсэн ганцхан үгнээс урам авч, илүү их амжилтын төлөө зүтгэж байхад зүрх сэтгэлийг шархлуулж, ахиж хэнд ч сэтгэлээ нээмээргүй болтол шаналгах нэгэн бий. Гэхдээ энэ бүхний аль нь ч бай санаандгүй тантай учирсан зүйл биш. Хамаарлын хуульд зааснаар биднээс үл шалтгаалан хамааралтай хүмүүстэйгээ бид өөрийн эрхгүй уулздаг гэсэн байдаг.
Бодоод үз дээ...
       Нэг байранд 12 жил хөрш болон амьдарсан мөртлөө нэг ч удаа тааралдаж байгаагүй хүмүүс байдаг. Учрах цаг нь болоогүй байсан болоод л тэр. Гэтэл төөрч явсан урлагийн бригад хаа байсан хөдөө хязгаарт хэний ч үл мэдэх малчин айлд ороод гарахдаа охиных нь авьяасыг тодруулж, тэр нь хожим алдарт уртын дууч болсон явдал ч бий. 
Өнөөдөр таарсан хэн нэгэн таагүй дурсамж үлдээсэн байлаа гэхэд дараа ирэх бүр том аюулаас хамгаалсан дархлаа суулгаж байгаа юм билүү, хэн мэдлээ.Тиймээс учрал бүхнийг талархан хүлээж авч, үүнээс илүү сайханд бэлтгэгдэж байна гэж бодвол илүү амар ч юм уу. Намайг тоож, надаас зөвлөгөө авахаар бичсэн хэд хэдэн охин сэтгэл санаа тогтворгүй байгаа тухайгаа дурдсан байсан. Шалтгаан нь үерхэл, бүтээгүй хайр дурлал. 
       Нөхцөл байдлыг нь 100 хувь мэдэрч, ойлгож чадахгүй ч гэсэн ганцхан зүйлд үнэн сэтгэлээсээ итгэлтэй байгаагаа л хэлдэг. Хорвоогийн туйл гэж үгүй. Холдон одсон нэгний араас шаналан суух бүр ч шаардлагагүй. Тийм биз? Чинийх л биш байж. Тохирохгүй л нэгэн болоод холдоо биз. Амьдралд чинь тохиох олон зөрлөгийн л нэг байж. Эцсийн зогсоолд хүрээгүй байхад танихгүй нэг өртөөн дээр буучихаад уйлаад суугаад байж болохгүй биз дээ? Яг л тэр. Бүх юм цагтаа, аяндаа, тохироо нь бүрдэхээр өөрөө хүрээд ирнээ. Яарах шаардлага юун :)

No comments:

Post a Comment