Tuesday, June 6, 2017

АРИУНАА ЦЭМЦИЙСЭН НЬ



       За сайхан мэдээтэй... Цаад Ариунаа чинь цэмбийгээд л явчихлаа гэдэг шиг 😊
Би их хөлрөмтгий хүн юм байгаа юм аа. Жаахан спорт хийхээр л, эсвэл 5 минут хэртэй хурдан алхах төдийд л хамаг бие хөлрөөд, усан хулгана болчихно. Эсвэл халуун цай, хоол идчихээр хамар дээр хөлс бурзайгаад сууж байдаг. Багаасаа л тийм байсан. Хамгийн хэцүү нь янз бүрийн нимгэн хувцас өмсөхөөр (ялангуяа зуны улиралд) амархан норчихдог, гарын алга маш их хөлөрдөг, байнга арчих шаардлагатай болдог байлаа. Олон ч хөлс дарагч хэрэглэж үзсэн, сайн гэсэн тос бүрийг түрхсэн ч хэсэг барьж байгаад л ахиад л норчихдог байсан. БАЙСАН гээд байгаагийн шалтгаанаа одоо тайлбарлах гээд байна шүү 
      Би саяхан жаал юм уншиж судалж байгаад хэт хөлрөлтийг эмчлэх арга гэсэн гарчигтай нийтлэл олж харлаа. Өөрт байнга л бодогддог, хөлрөлтөөсөө болж дуртай хувцсаа ч өмсч чаддаггүй би чинь за алив гэж гуяа алгадаад л яваад орлоо. Эхний хэд нь ч яахав, тос түрхэх, байнга угаах гээд миний үргэлж хийдэг л процессууд байв. Харин сүүлийн үед симпатик мэдрэлийг таслах мэс ажилбар (Endoscopic thoracic sympathectomy surgery)-аар энэ асуудлыг бүрмөсөн шийддэг болсон тухай нийтлэлийн хамгийн төгсгөлд товчхон дурдаж. За тэгээд л энэ аргыг өөрийнхөө мэддэг чаддаг хэмжээндээ баахан Google-дэж мэдээлэл цуглууллаа. 
     Ер нь бол 2008 оноос хойш маш өргөн хэмжээнд хийгддэг болсон, дурангаар ордог болохоор зүсэлт ч бага, тархинаас ирсэн хөлрөх командыг дамжуулдаг жижиг судлыг бооход л болдог, хагалгааны дараа зовиургүй гэдгийг нь мэдээд хамгийн ойрхоноор нь Солонгост хэдээр хийгддэгийг нь судлав. Ойролцоогоор 5 сая, Англид бол суганы үс ургалтыг давхар зогсоодог хагалгаатайгаа нийлээд (даатгалгүй бол) 21 сая орчим төгрөгөөр хийгддэг болж таарав. За худлаа боллоо ухааны юм бодож суухдаа монгол хэл дээр хайгаад үзтэл Шастины нэрэмжит 3-р эмнэлэг -т өнгөрсөн жилээс эхэлж хийгддэг болсон тухай мэдээ байна. Уншаад доош нь гүйлгэтэл өмнө нь яг энэ хагалгааг хийлгэсэн хүн сэтгэгдэл дундаа "Эрдэнэболд эмчдээ баярлалаа" гээд биччихэж.
Би чинь уухайн тас маргааш нь 3-р эмнэлэг орж Ерөнхий мэс заслын тасгийн Эрдэнэболд эмчийг хагалгаанаас гарч ирэхийг нь хүлээж байгаад уулзлаа. Үзүүлтэл "болно" гэж байна. Гарын алга, суга хэсгийн хөлрөлт зогсоно, бусад нь бол ор тас алга болох боломжгүй гэв. Надад энэ хариу л хангалттай байсан учраас хагалгааныхаа өдрийг товлоод өчигдөр мэс засалдаа орчихоод, өнөөдөр гэртээ гараад ирчихсэн сууж байна 😉
      Хагалгааны дараа шууд үр дүн нь мэдэгдсэн гэвэл хүн итгэхгүй байх даа. Гэхдээ л бодит үнэнг өөр дээрээ мэдэрлээ. Нөгөө их хөлс байхгүй. "Анагаах ухаан хөгжинөө гэж" гэсэн үгийг өчигдрөөс хойш хэд ч хэлчихэв. 
Манай эмч нар ч бүр мундаг болжээ. Хаа байсан хол, өөр улсад очиж өндөр үнээр хийлгэх шаардлага байхгүй, эрдмийг нь сураад гаршаад ирсэн эмч нь монголдоо ажиллаж байж таардаг, тэрийг нь би комментоос олж уншаад очоод уулзчихдаг, эрүүл мэндийг даатгалаараа хамаагүй бага зардлаар хийлгэчихсэн сууж байдаг, бас азтай байгаам шүү. Одоохондоо хүмүүс энэ хагалгааг нэг их сайн мэдэхгүй байгаа гэсээн. Гэхдээ над шиг тийм зовлонтой, дотроо битүүхэн шаналж явдаг хүмүүсийг мэдээсэй гэсэндээ энэ постоо бичиж сууна.
    Энэ дашрамд Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, асрагч, сувилагч нартаа, мэдээгүйжүүлэлтийн эмч, сувилагч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн мэс заслыг удирдаж хийсэн Д.Эрдэнэболд эмч, туслах эмчээр ажилласан Эрдэнэбаяр нартаа баярлалаа гэдэг үгийг хэлээд баршгүй нь. 
Алийн болгон эмнэлгийн салбараа муулах вэ таминь. Юм хөгжчихөөд, эмч нар маань маш мундаг болсон байна. Залуухан мөртлөө маш чадварлаг эмч олонтой болсныг сая л мэдэрлээ. "Санхүүжилт л шийдээд өгчихдөг бол гаднаас сурч ирэх мэс ажилбар зөндөө байна. Дотооддоо хийдэг болчихвол мөн ч их хүний амьдралыг аварна даа" гэсэн эмчийнхээ үгээр энэхүү жижиг бичвэрээ дуусгая.
Жич: Пост уншсан маш их хүн мессэжээр эмчийн дугаарыг асууж байгаа учраас edit хийгээд энд өөрийнх нь зөвшөөрлөөр бичлээ 99303719
Бас үнэ хөлс нь тухайн хүний биеийн байдлаас болохым бна лээ. Тэгэхээр уулзаж, зөвлөгөө авсан нь дээр байхаа. Гэхдээ яав ч сая төгрөг хүрэхгүй 😊

No comments:

Post a Comment