"Хөөе алив тэр урд сууж байгаа хүн, энэ эмээд суудал тавиад өгөөдхөөч" гэхэд нөгөө эмээ "эгч нь зүгээр ээ, хоёрхон буудал явна. Тэгээд ч тэнд над шиг л нэг хөгшин сууж байна. Адилхан настай хүнийг яаж бос гэхэв" гэсэн яриа пиг дүүрэн хүнтэй автобусанд өнөөдөр болов. Насаараа бараг л чацуу болов уу гэмээр, бас тэрүүхэндээ ганган, "суудал эзлэгч" эмээгийн хажууд би зогсож явж таарав. Эмээ их л ундууцангуй эргэж нэг харснаа "Над шиг л хөгшин гэчихжээ, би хамаагүй... Эрүү өвдөг..." гээл амандаа бувтнаж өгөх нь тэр. Тэгснээ цүнхнээсээ жижиг толь гаргаж ирээд хальт өөрийнхөө царайг харж, уруулаа хооронд нь ганц үрснээ, хажууд нь өөрийнх нь үйлдлийг ажиглан зогсоо надаас тэрүүхэн тэндээ санаа зовсон болтой толио гялс цүнхэндээ далд хийн, төв царайлж цонх руу харан суув.
Тэрхэн хооронд эмэгтэй хүн гэж сэтгэлээрээ хэзээ ч гундашгүй цэцэг юм байна гэсэн бодол толгойд орж ирэв. Нэг нь өөрийгөө би зогсоод явах хэмжээний хангалттай хүч чадалтай хэвээр гэж итгэж байхад нөгөө нь би энэнээс хөгшин л байв гэсэн бодол нууцхан үйлдлээр нь илэрч байдаг. Энэ тухай бодож зогсохдоо, 10 жилийн багштайгаа олон жилийн дараа гудманд таарч, алхаагаар нь холоос таниад гүйн очоод, сайн байна уу багшаа гэж тэврэн үнсүүлснээ санав. "За миний охин сайн уу, багш нь их хөгширч үү" гэж шууд л араас нь залган асууж байхыг бодоход бас л үр хүүхэд, шавь нартаа залуугаараа харагдах гэсэн хүсэл цухуйсныг мэдээд, "үгүй ээ, яг л хэвээрээ байна шдээ, багшаа" гэсэн үгэнд жигтэйхэн их баярлаж инээж байгааг нь хараад яг өнөөдрийнх шиг бодол зурсхийж байсан минь бодогдоод амжлаа.
Угаас эмэгтэй хүн хэзээ л хөөрхөн, сайхан, үзэсгэлэнтэй, тачаангуй, дахин давтагдашгүй, бүхнээс илүү, цор ганц гэсэн үгсэд дургүй байлаа даа. Баярлаж байгаагаа хөнгөхөөн инээмсэглэлээр хачирлаад нүүрэн дээрээ ил гаргачихдаг нь л үүний нотлогоо. Ямар ч эмэгтэй хүн өөрийгөө муухай гэж боддоггүй. Учир нь өөрийн гэсэн дотоод гоо сайхан бүх эмэгтэйн зүрхэнд дэлбээлж байдаг. Царай төрх хэдий гаднаасаа үрчлээтэж, үс нь бууралтан, цэх нуруу нь бөгтийж, чанга бие нь суларсан ч түүний дотор дэлбээгээ нээсэн сарнай яг л мөнхийн мэт гундашгүй. Тиймдээ ч магтаал, урмын үг, сайхныг магтан дуулсан аязд уярч, улам гэрэл цацруулдаг биз.
Би тод санаж байна. Төрөх эмнэлгээс гэртээ гараад анх удаа өөрийгөө толинд тухтай харснаа. Өөрийн байсан жин дээр аль хэдийн 45кг нэмчихсэн, тослогтсон үсээ гөлчийтөл нь ардаа боочихсон, унжсан гэдэс, язарсан арьсаа хараад ээ Ариунаа минь дээ гэж л лав бодоогүй юм даг. Учир нь хажууд байсан хүмүүс төрөн төртөл сайхан, үзэсгэлэнтэй гэсэн үгсийг харамгүй хэлж байсантай холбоотой биз /Харин одоо бол тэр үеийн зургаа хараад бас л толгой сэгсэрнэ шүү дээ
😂/.

Эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, аз жаргалтай болгох бордоог хайж олох үнэхээр амархан. Сайхан үгсийг үргэлж түүндээ шивнэж бай, эрчүүд минь. Нэг их хэцүү зүйл биш шүү дээ. Өглөө сэрээд сайхан амарсан уу үзэсгэлэнт минь гэж хэлээд, гарахдаа уруул дээр нь ганцхан үнсэхэд өдөржин баяр баясгалантай, инээмсэглэл цацруулж явна. Орой нь сайхан чамайгаа санасаар ирлээ, ямар амттай хоол вэ хайрт минь гэхэд л ялалт танайх! Всё
👍
👏
👏
👏




Хааяа түрүүлж ирээд хоолоо хийчихсэн, ажлаасаа орж ирэхэд нь өнөөдөр ямар өдөр байв даа миний хонгор гээд угтдаг бол үнэхээр супермэн болж хувирна, бидний хувьд. Гэхдээ энэ тухай халамжтай эр хүний тухай өгүүлэх өөр бичвэр дээр дэлгэрүүлнэ ээ
😁

Бүсгүй хүнийг услах ийм л амархан шүү дээ. Нэг их давж дийлшгүй том үүрэг хариуцлага, даагдахгүй цүнх дүүрэн алт эрдэнэсээс илүү ганц сайхан үгэнд л баярлаад явчих улс, эмэгтэйчүүд бид чинь.
1st
ReplyDelete