Хайр гэж хайртай гэж хэлэхийн нэр биш. Хайрлана гэж хажуудаа хорьж цагдахын үйл биш. Хайрлаж байна гэж хаа ч явсан цуг байж, бүх цаг заваа зөвхөн түүнд зориулахын давуулсан зэрэг биш ээ. Би энэ удаад эрхэмсэг, ухаалаг бүсгүйчүүддээ ганцхаан мессэж л хүргэх гэсийм.
"Хөөш чи наад утсаа далд хийгээч. Яах гээд гаргаж ирээд барьчдын?" гэж зандрангуй хэлэх эмэгтэй рүү би эргэж харсангүй, харахыг ч хүссэнгүй. Яав ч сайхан царайлаагүй зогсож байгаа нь ойлгомжтой. Харин нөхөр рүү нь эгцэлж нэг толгойгоо хальт эргүүлж амжлаа. Нэг их ичсэн царай тэрүүхэн хооронд гаргаснаа, юм хэлэх гэж ам нь ангалзан зангаж, энгэрийнхээ халаас руу утсаа хийгээд өөр тийш харав. Үгүй, юу ч хийх гэсэн байсан яахав дээ! Хүнтэй чухал дуудлага хийх гэсэн байж болно, цаг хэд болж байгааг мэдэх гэсэн байж болно, аль эсвэл цэнэг нь дуусч байгаа эсэхээ харах гэсэн ч юм билүү.
Би боддог юм. Манай хүүхнүүдэд бас их учир бий. Мэдэх шаардлагагүй зүйлээ мэдэх гэж ухаж төнхчинө. Мэдсэн хойноо өөрөө тэрэндээ шаналж, нойр хоолноосоо гарна. Зарим нь буруу ойлголцчихоод ярилцах ч үгүй өөрийнхөөрөө төсөөлж, ургуулж бодно. Зөвхөн араар тавилтын тухай ярьж байгаа юм биш шүү. Бүх асуудлыг.
Би ч бас тийм байсан. Гэхдээ тэгэх нь надад ямар ч ашиггүй юм байна гэдгийг ойлгосон. Яахын?? Хорвоогийн бүх асуудлыг мэдлээ гээд, гэгээн Мария биш, шийдээд өгч чадахгүйгээс хойш. Өөрт үнэхээр хоолойд тулж ирээгүй л бол хаячих л даа. Болох юм болохоороо л болно биз.
Бас нэг хэсэг бүлэг хосууд байна. Шувт цагдчихдаг. Хамт байна гэдэг чинь "үргэлж хамт байна" гэсэн үг биш шүү дээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт, өөртөө зарцуулах цагийг нь гаргаад өгчих л дөө. Дуртай юмаа хийж л байг. Харин ч тэр байхгүй хооронд нь амраад ав, өөрийнхөө хоббиг хий.
Хайрлана гэдэг өмчлөх гэсэн үг биш, ахиад хэлье. Хэн хэндээ эрх чөлөөг олгосон хосууд л урт удаан хамт байдаг. Гэхдээ эрх чөлөө гэдэг нь "тэгэх" улаан цайм байдлыг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа тэ?
Гол нь итгэлцэл шүү дээ. Бие биедээ итгэдэггүй л юм бол хос гэж нэрлэгдэж, нэг дээвэр дор амьдрал холбохын хэрэг юу байна. Харин нэгэнт шийдээд холбосон л бол гэрийн тэжээмэл амьтан аваагүй, эсвэл өөртөө харгалзагч хөлслөөгүй гэдгээ л ухаарч, эрх чөлөөг олгож амьдар аа л гэх гэсэн юм. Дууслаа! 😊😉
This comment has been removed by the author.
ReplyDeleteЭнэ үнэн шүү. Ганц бие явхад амаргүй өдрүүд тоо томшгүй олон байдаг. Тэр болгонд сэтгэлээ онгойлгож чадах нь бас л ховор. Үүнийг уншиж байгаа хосууддаа гэж хэлхэд хүн юу тарина түүнийгээ л хураадаг жамтай юм шүү. Чи хайр бий болговол чи хайр л амсан хэн нэгэнд муу юм хийвэл зовлон л амсах өдөр ирнэ тийм болхоор хичээгээрэй.
ReplyDelete