Ээж ээ, энийг би танд хийсэн! Зүрхэн дэлбээтэй шүү гээд гараа сарвайх охиндоо өнөөдөр үнэхээр их баярлаад хальтхан нулимс дуслуулаад амжив, би чинь. Том болоод мөнгөтэй болохоороо танд жинхэнэ цэцэг авч өгнөө гэнээ бас. Яалаа гэж дээ үр минь. Энэ хорвоо дээр цор ганц, хайраа шингээж өөрийнхөө гараар хийсэн чиний минь цэцэг ямар ч гоёмсог цэцгээс илүү үнэтэй, үнэ цэнэтэй юм шдээ гэхэд арай л гүйцэт ойлгож амжаагүй царайгаар "за!" гэх юм.
Саяхан л алгын чинээхэн байсан үр минь ямар том болоо вэ. Усанд ороод гараад ирэхэд "За ээж, хурдан хувцсаа өмс л дөө, аягүй бол даараад ханиад хүрчихнэ. Доогуураа оймсоо өмсчихвөл их л баярлах гээд байна шүү би!" гэж ирээд л яг миний хуулбар.
Үгүй нээрээ, яаж сэтгэхээрээ ээжээ би таныг хөгшрүүлмээргүй байна, та битгий уурлаарай гэж хүн аргадаж чаддаг байнаа
😂 Яаж ч уурлалаа гэсэн эх хүн үрийнхээ сайн сайхны л төлөө үглэж, буруу хүн болчихвий гэсэндээ яншиж байдгийг өөрөө эх хүн болоод л ойлгох шиг. Тиймдээ ч охид илүү уян зөөлөн, өр нимгэн байдаг биз.

Хүн хэдий хөгширсөн ч хэзээд эхийнхээ нүдэнд бяцхан үр нь хэвээрээ харагддагийг энэ дэнхийсэн том "авгайг" одоо хүртэл миний бяцхан мисс ээ! гэж дууддаг ээжийнхээ дууны өнгөөс мэдрэх шиг...
Эх хүний хувьд энэ хорвоогийн хамгийн үнэтэй бэлэг бол үнэрлэх үнсэх төдийд сэтгэл, хайр ханхийх бяцхан цэцэгхэн чи өөрөө юм шүү. Хэзээд чамайг гэх ээждээ хамгийн түрүүнд мэнд хүргээд, тэврээд үнсээрэй
😘

Хайрлагдах гэж, хайр мэдрэх гэж, жаргах гэж, эх хүн болох гэж дэлхийд дуу хадаан мэндэлсэн охид, бүсгүйчүүд, ээжүүддээ баярын мэнд дэвшүүлье!
2017.03.08
No comments:
Post a Comment