Дөрөвхөн хоногийн дотор сая төгрөгтэй болмоор байна уу? Сарын дотор 8000 доллартай болох боломж байна гэж ирээд л дансны хуулгаа хавсаргасан, эсвэл $100-тын дэвсгэрт сагсайлгаж барьсан зургаар хачирласан постууд одоо бүр арай дэндлээ. Эхэндээ ч ийм юманд хэн итгэх вэ гэж бодоод нэг их тоохгүй өнгөрөөд байсан, бишээ! Тийм төрлийн постон дор "яаж вэ?", "би би!", "надад зааж өгөөч" гэж бичсэн хүмүүс ганц хоёр зуугаар тогтохгүй. Ажаад харахад тэдний ихэнх нь гэртээ нялх хүүхдээ хараад суудаг ээжүүд байх юм. За тэгээд бас л хэн хүнгүй ийм хямралтай үед гэртээ байхдаа мөнгө олчих санаатай, хань ижилдээ дэм болоод, ядаж өөрийн гэсэн халаасны мөнгөтэй байя гэж дотроо бодож л тэгээ биз. Гэхдээ!
Сүлжээний бизнес гэдэг хэсэг бүлэг нь баяжаад үлдсэн нь шатаад дуусах тохиолдол элбэгтэй, эрсдэл өндөртэй гэдгийг хэн нэгэнд мөнгөө өгөхөөсөө өмнө сайн бодоорой таминь. Хаанаас гаралтай, ямар системээр ажилладаг гэдгийг нь юуны түрүүнд шалгаж үзээрэй.
Олон улсын худалдааны сүлжээний бизнес бол юм зарахдаа гол анхаарлаа чиглүүлж ажилладаг, хулхидуулах магадлал арай бага /Гэхдээ л бүх мөнгө гадагшаа урсана/. Харин доороо хүн элсүүлэхдээ гол ач холбогдлоо өгч ажилладаг сүлжээ бол хохирогч ихтэй, пирамид хурдан нурах магадлалтайд тооцогддог. Дээрээс нь манай улсад сүлжээний бизнесийг хянах эрхзүйн зохицуулалт огт байхгүйгээс болж таны мөнгийг "спонсорууд" чинь хулхидлаа гэхэд эргэж олж авч чадах нь юу л бол. Сүлжээний бизнесийн хохирогч болсон хэд хэдэн хүн мэднээ би. 10 жилийн өмнөх өр ширнээсээ одоо хүртэл гарч чадаагүй нэгэн ч байна.
Хүн улайсчихаараа тэгээд мөнгө зээлээд ч хамаагүй тэр босгыг нь даваад өндөр цалинд хүрчих юмсан гээд дайрчихдаг юм шиг байгаан.
Ер нь тэгээд хар ухаанаар бодоход маш их, бүр үнэхээр их ашигтай ажилладаг байгууллага байлаа ч гэсэн сард 8000 доллар ажилтан бүртээ өгөөд байна гэж байх уу? Сүлжээний бизнест түрүүлж орсон толгой хэсэг л ашиг олвол олж, олохгүй бол тэгээд л замхардаг түүхтэй. Хэрвээ үнэн байсан бол энэ эдийн засгийн хямралыг сүлжээчид л шийдчихнэ биз дээ?
Бүгд худлаа биш л байх л даа. Ганц нэг, багахан ашиг олдог нь байгаа л байх. Сайн судлаарай, сүүлд нь амаа бариваа гэж л сэрэмжлүүлэхийг хүслээ.
Хүнд хулхидуулахын тулд элсэлтийн 200 доллар өгч байснаас ганц сайхан гутал аваад өмсчихсөн дээр биз дээ. Эсвэл банкинд хадгалчих л даа. Илүү найдартай.
Үнэгүй бяслаг гэж хаана ч байхгүй, хавханд л байдаг.
2017.01.10
No comments:
Post a Comment