Tuesday, June 6, 2017

ДАВХАР ДАВХАРГУУДАА ТАЙЛАХ ЦАГ ИРЛЭЭ



       За одоо тооцоогоо гаргацгаана аа хэдүүлээ. Хэдэн айлаар орсон гэлээ? Айл бүртээ хэдэн ширхэг бууз, хэдэн грамм салат, цай ууснаа бодоод шатаах ёстой илчлэгийнхээ хэмжээг олцгооё. Ооё, ингээд дарамтлаад унавал бас гай яа 😄
       Би ер нь бондгор талдаа л даа. Угаасаа л унаган махтай байсан гэдэг нь өөрийгөө өмөөрдөг ганц үг. Хүүхэд гаргасны дараа би чинь дөнгөж төрсөн хүн шүү дээ гэж өөрийгөө хуурсаар даруй 4 жил болж байна 🙈За тэгээд суудлын ажил, өглөө гэрийнхээ үүднээс ажлын үүд, орой ажлын үүднээс гэрийн хаалга гэсэн амьдралын хэвшилд удаан байснаас өнөө гэдэс, гуя хасаа талийж өгөх нь тэр.
      Найз нөхөд, арай дотны хүмүүс маань, "Ариунаа гуай тураач, одоо болохоо байж байна шүү гэхээр "Өө турна гэж хамаагүй хэлж болдоггүй юм. Тэгж хэлээд ядуурчихсан хүн бий, гоолиг болно гэж яриач" энэ тэр гээд маазраад өнгөрдөг байлаа. Байлаа ч гэж саяхныг хүртэл л дээ.
Дотроо бол турчих юмсан гэж есөн шидийн дэглэм харж, арай "туранхай" байсан үеийнхээ зургийг утасныхаа дэлгэц дээр тавьж /амьхандаа бодлын хүчинд итгээд байгаа юм уу хаашайн 😆/, 10 хоногийн иогаар хичээллэж, 1 сар усан бассейнд явж, 1 сар алдаг оног фитнессдэж үзээд л байгаад байсан юм үнэндээ. Гэхдээ жин хасах гэж зүүдэлж, мөрөөдөж байгаа бидэнд ганцхан л алдаа байна гэдгийг саяхан л ойлголоо. Тэр нь!!
       Нэг л өглөө босоод ирэхэд 20, 30 кг-аар нь хасчихсан байх юм шиг төсөөлөл, үүн дээр нэмэх нь биед хэт амархан аргыг сонгож авдаг явдал. Ердөөсөө л ХӨДӨЛГӨӨН+ЗӨВ ХООЛЛОЛТ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй бид мэддэг хэрнээ амьдралын хэвшил болгож чадахгүй тойрч гүйж зугатдаг, эсвэл оролдож үзсэн ч тууштай байж чаддаггүй. 
      Тэр олон килограмм нэг л өглөө биед чинь ирээд наалдчихаагүй юм чинь бас нэг л өглөө ид шидийн аргаар алга болно гэж байхгүй шдээ. Гол нь бага багаар, эрүүл аргаар хассан нь хамгийг зөв арга юм байна гэдгийг, бас жин хэмжигч дээр гарч ирж байгаа тоо биш толинд харагдаж байгаа дүрс илүү чухал юм байна гэдгийг мунхаг би чинь ойлгож эхлээд байгаа.
Яааааг маргаашнаас гэлгүйгээр одооноос л өөрт таарсан хөдөлгөөн хийж эхлээрэй гэж зөвлөх байна. Бүжигт дуртай бол бүжиглэ, зөөлөн аргаар үзмээр байвал иога сонго, хөлс гарахаар наалдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд цааргалдаг бол усан спортоор хичээллэ, дулаарч байгаа юм чинь өглөө оройдоо алхчих, эсвэл гэртэй чинь ойр байдаг бол фитнесс бүр саак сонголт! Ямар ч байсан зүгээр бодож суулгүй, ямар нэг алхам хийгээд, түүндээ тууштай бай.
      Анх жудогийн тамирчин шиг орж ирж байснаа бодвол овоо сайхан хасч байнаа гэж урамшуулж байна лээ, багш маань. Эрэгтэй хүнээс тийм үг сонстлоо явсан байх гэж дээ гэж толгойгоо зэмлэж сууснаа, ядаж л би эхлүүлж чадсан шүү гэж мөрөө цохиж байгаа, цаад чинь 😉
Удахгүй хүссэн хэмжээндээ хүрээд нэг их лагс, чавхайсан 2 хүүхнийг харьцуулсан зурагтай хамт өөр бас нэг пост бичнээ. 
Цагаан сар дууссан шүү нөхөөд, юу юугүй зун боллоо цаана чинь! 😄
2017.03.01

No comments:

Post a Comment