Tuesday, June 6, 2017

АВТОБУСНЫ АРЫН СУУДАЛД ТӨРСӨН БОДРОЛ



   Үнэнч гэх үгийг юутай жишиж хэлбэл гэрлэж амжаагүй, нас залуу нэгэнд ойлгогдож, утга дүйх юм бол гэж бодож явлаа. Яг цав дайх үг төдий л олдохгүй байсан юм. Харин өнөөдөр автобусны хойд талын суудалд сууж явахад сонин ч гэмээр, нэг тийм мэдрэмж зурсхийн ороод ирэх нь тэр. 
Хэн ч ирээд алив бос гэхгүй, тэнд л суусан бол урд хаалгаар ямар хүн орж ирж байгаа нь үнэндээ сонин биш, хэн хөлөн дээр гишгичих бол гэж эмээж явахгүй, хэн араас цүнх ухчих бол гэж айлтгүй, жолооч гэнэт тормослоход бариулнаас бариагүй байсан ч гунхаад уначихааргүй ХАМГИЙН ТААТАЙ, ҮНЭНЧ, бас АЮУЛГҮЙ мэдрэмж төрүүлэхүйц орон зай тэр хэсэгт л байх шиг. Тэгээд би яг энэ мэдрэмжийг агуулж чадсан гэрлэлт л хамгийн аз жаргалтай, нэгнээ хардсан муйхар зангүй, алдчихвий гэсэн эмээлтгүй, нураад унахвий гэсэн айдасгүй амгалан тайван байх юм байна гэж бодож суулаа. 
      Гэрлэлтийг үгүй хийдэг зүйл бол ИТГЭЛ юм гэж би итгэдэг. Итгэл л байхгүй болчихвол хардалт, хэрүүл, санаа зоволт, үл ойлголцол эхэндээ бага багаар, аажимдаа салалтад хүрэх хэмжээнд иртэл томорч болно. Үл хүндлэл бий болж, сэтгэл хөрнө, хайр унтарна.
Яаран хэн нэгнийг сэтгэл хөдлөлөөрөө ХАНЬ гэж өргөмжлөхийн өмнө энэ хүн яг автобусны хамгийн арын суудал шиг итгэлийг минь даах хүн мөн үү гэж өөрөөсөө нэг асуугаарай. Амьдралд түшилцээд явах хэр хол зам байгааг ягаан шилээ тайлж байгаад нэг төсөөлөөрэй. Харин мөн бол чи өөрөө түүнийхээ итгэлийг ч бүү алд.

No comments:

Post a Comment