"Эхнэр, хүүхэд, эцэг эхээ ч умартан залуу халуун насаа армид зориулсансан. Ширхэг хадаас ч хувьдаа авалгүй, үнэнчээр улсдаа зүтгэж, амьдралынхаа 30 орчим жилийг цэргийн ангид өнгөрөөжээ. Гэхдээ одооны хүүхдүүд тэр хэмжээнд ойлгож, бидний үе шиг улс эх орныхоо батлан хамгаалалт, аюулгүй байдлыг чин сэтгэлээсээ үнэлж үзэхгүй байх шиг байгаа юм. Цэргийн алба ямар одооных шиг ганц жил байсан биш, цэрэгт явбал явсан шиг явж, төрийн хар хүн л болдог байлаа шүү дээ" гэж цаанаа л жаахан гунигтайгаар хүүрнэн суух өвөөгөө хараад өрөвдөх шиг, гэхдээ түүнээс илүүтэй бахархах сэтгэл минь давамгайлж байлаа.
"Миний өвөө хурандаа хүн. Харин би хурандаагийн зээ охин" гээд онгиронгуй ярихаар өвөө жаахан хүүхэд шиг баярлана гэж жигтэйхэн
😊 Багадаа өвөөгөө дагаад явахаар хоёр алхаад л өвөөд ёслосон, "Захирагчийн амрыг эрье" гэх сүрлэг том ах нартай таардаг байв.

Миний өвөө охиныхоо төлөө л армиас гарах шийдвэр гаргасан. 42хон насандаа өвөө болоод хурандаа цолтой тэтгэвэртээ гарч байлаа. Генерал цолд хүрчихээр хангалттай хүч чадал, хугацаа байсан нас. Гэхдээ өвөө минь охиддоо гаргаж чадаагүй хайр халамжаа анхны зээ охиндоо үзүүлэх гэж тийм шийдвэр гаргасан гэж боддог.
Намайг ёстой л бүхнээс өмөөрнө. Ариунаагийн буруу байсан ч би өмөөрнө гэж улаан цайм бусдаас хамгаалж, охиндоо бүхнээ зориулж, гар дээрээ өргөн өсгөсөн дөө миний өвөө. Одоо 70 хүрч байгаа ч цоглог хөгшин бий. Ширээний теннис, хөлбөмбөг, гар бөмбөг тоголно. Улсын ахмадын хөлбөмбөгийн тэмцээнд хүрэл медаль авсан гээд бас хальтхан өвөөгөөрөө онгироод авъя /Хажууд нь би бол илүү хөшүүн, ичиж үхмээр
😂/.

Миний сэтгүүлч болсон ч өвөөтэй холбоотой. Тухайн үед БХЯ-наас "Миний өвөө Халхын голд" гэсэн сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлагдсан байсанд би буурай өвөө, өвөө хоёрынхоо тухай бичиж, түрүүлэхэд миний охинд бичих авьяас байна гэж урамшуулснаар би шулуудаж байлаа.
Цэргийн алба хаасан эрсийг би өвөөгийнхөө нэгэн адил хүндэтгэдэг. Тэд бие бялдар, оюун санаа, хүмүүжлээрээ жинхэнэ эр хүн болсон байдаг гэж би итгэдэг.
Улс эх орныхоо энхийн манаанд зогсож байгаа нийт цэргийн албан хаагчид, хэзээд бэлхэн бэлтгэн офицерууд, төрийн төлөө зүтгэсэн төмөр хүмүүстээ эр цэргийн баярын мэнд дэвшүүлье!
Бэлтгэл хурандаа Л.Тогтохын том зээ охин Ариунаа /аая, ямар лаг, том цэргийн гуншин өөртөө бодоод олчихов доо
🙈/

2017.03.18
No comments:
Post a Comment