Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Sunday, September 18, 2016
Дуртайд ХҮЧТЭЙ
"Багш нартай чинь уулзахад хичнээн урамтай" гэж эмээ минь намайг магтдаг байж билээ. Нүүр улайхгүй. Харин дүүг маань багш нар нь хичээлдээ дургүй, дуртай ганц хоер хичээлээ л хийдэг гэж эмээгийн "нүүрийг түлдэг" байж. Яагаад төрсөн эгч дүүс ийм өөр байдаг байнаа гэж эцэг эхийн хуралд сууж орж ирэх бүртээ хэлнэ. Химийн хичээлийн багш нь танай хүүхэд үелэх системээ ч мэдэхгүй гэж "ховлож", эмээ дүүг маань зэмлэхэд "Тэр хэдэн томьео чинь амьдралд ямар хэрэгтэй юм. Би ус уухаас биш, ууж байхдаа энэ ийм томьеоноос бүтсэн дээ гэж бодохгүй биз дээ" гэж таг болгосон байгаа юм. Энэ бүхнээс хэн хожсон гээч, миний дүү.
Дүү минь мэдээлэл зүйн хичээлдээ өөрөө ч дуртай, үнэхээр гойд сайн байсан. Одоо бүх цагаа мэдээлэл технологийн хөгжил, судалгаанд зориулж, түүгээрээ л амьдарч байна. Ирээдүйгээ бүрэн тодорхойлсон, зорилго өөд.
Харин бүх хичээлдээ жигд сайн байсан би яг энэ цаг мөчид юу хүсээд байгаагаа, юу сайн чаддагаа ч бүрэн мэдэхгүй л сууж байна. Шинэ зүйл үзэж харах, танилцаж, сурч мэдэх бүртээ одоогийн миний байгаа байдал хүссэн амьдрал минь мөн билүү гэж ч бодох шиг. Мэдээж өнгөрснөө үгүйсгэхгүй ч хэрвээ чаддаг, хүсдэг зүйлээ сайн мэдэж байсансан бол үүнээс ч илүү амжилт гаргаж, ингэж эргэлзэж суухгүй ч байсан юм билүү.
Бүх зүйлд жигд сайн байна гэдэг давуу тал биш. Юу хүсч байгаагаа мэдэхгүй байна гэдэг харанхуйд гараараа тэмтчин урагшилж буй мэт, удаан бас айдастай.
Хүүхдийг бүх хичээлдээ сайн бай гэж битгий шах. Дуртай зүйлээ олоход нь л тусла. Эцэг эхийнх нь биш шүү, ӨӨРИЙХ НЬ. Тэгж чадвал хичнээн хорьсон ч дуртайд хүчтэйн үлгэрээр заавал амжилт гаргаж л таараа. Эргэж буцалтгүй...
2016.09.12
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment