Monday, September 26, 2016

ЗАЛУУ НАСАА, ЧИ ДАРАА АХИЖ ИРЭХ ҮҮ??


Үргэлж л арваннаймт байх юм шиг, үргэлж л ирвэж дэрвэнхэн явах юм шиг санаж дээ гэж хэлэх буурлын үг... Амьдралынхаа сүүлийн мөчийг хүлээж суугаа өндөр настай өвчтөнүүдээс "та амьдралаа эргээд харахад юунд хамгийн их харамсч байна" гэж асуухад бүгд хийсэндээ биш, ХИЙЖ АМЖААГҮЙ зүйлдээ л харамч байна гэж хариулж. Тэр л үед зориглож хийсэн бол, тэр л үед хойш суугаагүй бол, тэр цаг мөчид л шийдэж чадсан бол гэх асар их харуусал.
Бид мөнх залуу хэвээрээ байх юм шиг бүгдийг ДАРАА НЬ гэж хойшлуулдаг. Өнөөдрийн хувьд мөнгө, ажил, карьер, улс төрийн хөгжил чамд чухал байж болно. Гэхдээ залуу нас чинь энэ бүхний хажуугаар цаг мөч өнгөрөх тусам урсан алга болсоор л байна, тасралтгүй.
Өчигдөрхөн эрүүл саруул, амьдралынхаа төлөө гээд завгүй ажиллаж байсан цэл залуу хүн маргааш энэ хорвоогоос бүрмөсөн явахад түүнээс хоосон мөрөөдөл нь л үлдэнэ.

Хэзээ үхнэ гэж амьдрах юм?
Хэзээ энэ хорвоо ертөнцийг өөрийн нүдээр харж, үнэрлэж, амталж үзэхэд, аялахад, хайрлаж дурлахад, амьдралаас таашаал авахад, дуртай зүйлээ хийхэд, дэггүйтэхэд, аз жаргалтай байхад цаг гаргах юм бэ?
Өглөө сэрүүлэг дуугарахад босч, ажилдаа очиж, цайны цагийг хүлээж, даргын харцан дор, компьютерийн араас өндийлгүй хэдэн бичиг цаасны хойно илүү цагаар ажиллаж суусаар орой харуй бүрийд толгойгоо сажилж гараад гэртээ ирнэ. Хэсэг утас ширтэж байгаад унтана, өглөө сэрүүлэг дуугарна... Ямар ч баяр баясалгүй, ноорог шиг амьдрал.
Мөнгө чухал ч гэлээ, илүү зарлагаа хасч чадвал зөвхөн хэрэгцээт зүйлдээ зарцуулах хэмжээний мөнгийг өдөр шөнөгүй ажиллахгүй байсан ч олж чадна. Авч байгаа цалин чинь хөдөлмөр, чөлөөт цаг, хүсэл мөрөөдлийг чинь чамаас худалдаж авахад хүрч байна уу? Тэгвэл хамаа алга.
Харин хаана нь ч хүрэхгүй бол алт шиг үнэтэй цагаасаа тодорхой хэсгийг тогтмол зөвхөн өөртөө зарцуулж сур.
Илүү цагаар ажиллах гэсэн ойлголтыг үгсийн сангаасаа авч хая. Бусад оронд яадгийг мэдэхгүй. Англид бол бүгд 16:58 цаг болоход юу ч хийж байлаа гэсэн бүгдийг нь яг байсан хэвээр нь үлдээгээд хувцасаа өмсч гарахад бэлддэг. 17:00 гэхэд оффис хоосон. Учир нь илүү цагаар ажиллалаа гээд илүү мөнгө төлөхгүй гэдгийг тэд мэднэ. Тэр хэрээрээ ажлынхаа цагийг яг ажилдаа зориулж өнгөрөөдөг. Бүтээмж өндөр. Харин ажлаасаа гараад чөлөөт цагаа юунд зориулах нь тэдний дур. Бүтэнсайн өдөр бол бүх үйлчилгээний газар, дэлгүүр хүртэл 18:00 гэхэд хаасан байна. Амралтын өдрөө гэр бүлтэйгээ өнгөрөө гэсэн бодлого.
Амьдралын чинь хамгийн сүүлийн өдөр өнөөдөр байсан бол гээд төсөөлөхөд юуг хамгийн ихээр хийж үзмээр санагдаж байна? Лав орой болтол ажиллах биш байх. Ганцхан олдох амьдралд залуу насыг ажлын боол болж бүү өнгөрөөгөөч. Нэг мэдэхэд л 30, ахиад нэг сэрэхэд л 40 хүрсэн байна. Алдана гэж айж байна гэж үү? Алдсан ч яадгийм. Бор шуудай өмссөн ч гое харагдах, будаг шунхдаагүй ч үзэсгэлэн тодрох, ахиж ирэхгүй залуу нас юм чинь. Чамтай хамт байхыг хүссэн алт шиг үнэтэй "ЗАЛУУ НАС" хэмээх аз жаргалаа цааш нь битгий түлхээч. АХИАД ИРЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ...

2016.09.26
Литтл Холтон

No comments:

Post a Comment