Sunday, September 18, 2016

ХУВИА ХИЧЭЭ ХОНГОР МИНЬ!


Ингэж хэлэхээр хэн нэгний өөдөөс арсалзсан, шүүмжилсэн өнгө аясыг буцаагаад шидэж байгаа мэт санагдаж магад. Гэхдээ энэ удаад би нөгөө утгыг нь гаргахыг оролдлоо.
Чи л өөрийгөө хайрлахгүй бол өөр хэн ч чамайг хайрлахгүй гэх үгийг өмнө нь хэн нэгнээс хэдэн зуун удаа сонсож байсан л биз?  Ажаад байхнээ бүсгүйчүүд бид өөрийгөө хайрлаж байгаа нь энэ гэж хааяахан нэг шинэ юм худалдаж авах, үс хумсаа янзлуулахаас хэтрэхгүй. Бидний өөрийгөө хайрлаж чаддаггүйн хамгийн том илрэл хайр дурлал гэх нэрийн дор хэн нэгний хараат болох явдал. Хайрлуулах, халамжлуулах гэж хүнтэй нийлдэг болохоос биш эрх чөлөөгөө боолгуулах, өмнөөсөө шийдвэр гаргуулах, цагдуулах, өөрөө хүсээгүй зүйлээ хийх, дарамтлуулах гэж бид ТЭДНИЙГ сонгодоггүй. Энэ бол хайр биш.
Шуудхан хэлэхэд хувиа хичээж сур аа хонгор минь.
Эрчүүд чамтай үл хүндэтгэсэн байдлаар харьцахыг зөвшөөрдөг нь өөр хэн ч биш, бид өөрсдөө. Чамайг үл тоох, доромжлох, харааж зүхэх, ес бус зүйл шаардах, бүр гар далайхад нь хүртэл "за энэ удаад л уучлаад өнгөрөөе, ахиж тэгэхгүй гэсэн юм чинь үнэн байх" гэж дорвитой эсэргүүцэл үзүүлэлгүй өнгөрөөх нь тэднийг улам өөгшүүлдэг. Мэдээж бүх эрчүүд тийм биш, гэхдээ ихэнх нь нэг л загварын махбод, матерууд. Хэрвээ нэг л удаа түүний гаргасан увиагүй үйлдэлд ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бол чи дотроо айдастай үлдэж, харин тэд ингэж болох юм байна гэсэн дүгнэлт хийж хоцорно. Үүнийг бүү зөвшөөр. Чи ямар ч бие хаа царай зүстэй, ямар ч түвшиний мэдлэг боловсролтой, ямар ажил хийдэг байх нь хамаагүй ээ. Өөртөө хайртай бай.
Сонин дээрээ соохолзоно гэдэг шиг бүх л харилцаа анхандаа гал шиг дүрэлзэж, яг энэ л хүн мөн байх гэсэн мэдрэмж төрүүлдэг. Миний сайн найз бүсгүй нэг залуутай танилцсан юм. Мэдээж анхандаа бүх зүйл сайхан байсан. Гэвч эрчүүдийн тавьдаг хамгийн тэнэг асуултыг тавих өдөр ирж. Чиний амьдралд хэдэн хүн байсан бэ, яг одоо л хэлвэл уучилна гэж.
Уучлаарай! Миний амьдралын өмнөх хэсэгт өөрөө яг хаана юугаа хийж байсан болоод одоо намайг хийсэн үйлдэлдээ харамсч, чамаас уучлалт гуйхыг шаардаж байгаа юм??? Тэр үед гарч ирэх чинь яасын, хохь чинь! гэж хэлээд явсан бол...
Бүсгүй байсан цөөхөн хэдээ хэлсэн, яагаад гэвэл "яах ч үгүй" гэсэн үгэнд хууртсан. Харин итгэснийхээ хариуд доромжлол, шаналал, үл хүндэтгэл хүртсэн. Тэр залуутай учирснаас хойшхи амьдралыг асууж байгаа бол өөр хэрэг. Хуучин амьдралыг чинь чиний эсрэг шалтгаан болгох гэж байгаа бол би өөр ажилтай болчихлоо гээд л шууд бос. Эрүү шүүлттэй тулгарах гэж бид хүнтэй нийлдэггүй, хайрлуулах гэж... тийм биз?
Нөгөө талаасаа, бүсгүйчүүд бид хүнийг хайрлахдаа гаргадаг алдаа бол тэднийг өөрсдөөсөө илүүд үзэх. Хоол аягалахдаа хүртэл өөртөө үлдэхгүй байсан ч бүгдийг нь түүндээ өгч, сонирхолгүй байсан ч цаг заваа гарздан байж хөлбөмбөгийг нь хамт сууж үзэж, мөрөөдөлдөө хүрэх алхам хийх хугацаагаа түүнийхээ төлөө түр хойшлуулж, нэг үгээр ӨӨРИЙГӨӨ ЗОЛИОСЛОДОГ. Бид ямар тэдэнд өртэй юм уу??
Чи л өөрийгөө хайрлаж байж чамайг тэр хайрлана. Бүхнээ нөхөр, үр хүүхдийнхээ төлөө зориулж, өөрийгөө гаргуунд нь гаргасан эмэгтэй хүнийг хэн ч гэр бүлийнхээ төлөө энэ ингэж яваа шүү гэж үнэлэхгүй. Хүүхдээ хайрлалгүй яахав. Гэхдээ үүргээ нөхөртэйгээ тэнцүү хувааж үүр. Гарах үедээ гарч ор, гоеж гоодох үедээ өөртөө цаг гарга. Мөрөөдлөө биелүүлэх боломж гарвал хойшлох шалтгаан нь хажуудах эр чинь байж болохгүй л гэх гэсэн юм.
Ахиад хэлье. ХУВИА ХИЧЭЭ, ХОНГОР МИНЬ!

No comments:

Post a Comment