Wednesday, September 21, 2016

"УРАМ" хэмээх сэтгэлийн ВИТАМИН


Энэ витамин олдоц тун ховор. Учир нь үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүн бэлэн болмогц тараахгүйгээр шууд устгадагтай холбоотой. Хуурамч, "A, B copy" нь харин их. Хуулбар нь атаархлын өнгө аяс, худлаа нь илт, хөөргөсөн агаарын үгсээр илэрнэ. Урам хэмээх витаминыг угтаа бол та, би, хэн ч байсан үйлдвэрлэдэг. Харамсалтай нь тэр бүр хэрхэн гаргахаа мэддэггүй, эсвэл импортлочихвол дотоод нөөц дуусна гэж айдаг байх.

Эргэн тойрноо хар даа. Тантай зөрж өнгөрсөн саяны үзэсгэлэнт бүсгүй өнөөдөр ингэж харагдахын тулд олон сар жилээр хөлсөө дуслуулан спортоор хичээллэж, гоо сайхны зөвлөгөө бүрийг алдалгүй уншиж, олон ч амттай зүйлээс татгалзаа биз. Гэтэл та арай хиймэл л биз гэж өөртөө итгүүлэхийг хичээж байгаа юм биш биз?
Танаас сурлагаар тааруу байсан ангийн анд тань дэлхийн топ сургуулийн нэгэнд зэрэг хамгаалахаар болжээ. Танил тал л биз, би ч чадах байсан, надаас дор л амьтан шдээ гэж атаархаж байгаа юм биш биз? Тэр үнэхээр хичээж, өөрийн чадлаар өнөөдөр илүү яваа ч юм билүү.
Таны удирдлаган дор ажилладаг албан тушаалтан шинэ, шилдэг санаа гаргаж, таны саналаас илүүтэй олны таалалд нийцэж, даргаас тань сайшаалын үг сонсож байна. Та арай наанаа худлаа инээж, цаанаа энэ надаас илүү гарчихвал би яах билээ гэж чичирч суугаа юм биш биз?
Яагаад зүгээр л сайхан бүсгүйд чи өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна гэсэн ганцхан өгүүлбэрийг инээмсэглэлээр хачирлаж, чин сэтгэлээсээ хэлж болохгүй гэж. Амжилт гаргасан нэгэндээ алга ташилт бэлэглэж, "үнэхээр сайн байлаа, илүү ихийг хүлээж байгаа шүү" гээд УРАМ өгч чадахгүй гэж. Эхнэртээ л юм шүү гээд нөхрийнхөө авч ирсэн ганц ширхэг чихрэнд ч чин сэтгэлээсээ баярлаж, түүндээ урам өг. Ээжийнхээ сэтгэлээ шингээж чамд л яг зохино доо гэж бодож, сонгож, өөртөө зориулж болох байсан мөнгөөсөө илүүчилж авсан, чамайг хараад баярласандаа яах бол гэж бодон бодон өгсөн цамцыг нь чиний сонирхдог загвар биш байсан ч, чиний төлөө гэх ээжтэйгээ хамт байгаагийнхаа хувьд "баярлалаа тандаа" гээд өмсөж үзүүлээд ээжийгээ тэвэр.
Тэгээд таны үйлдвэрлэсэн ВИТАМИН-ыг уусан хүн ямар царай гаргахыг хар даа. Тэд аз жаргалтай болох болно. Бүхэл өдрийн турш инээмсэглэж, амандаа дуу аялан ниснэ. Өөрийнхөө ч тэр, бусдын ч тэр урмыг бүү хугалаарай. Таны дотоод сэтгэлд үйлдвэрлэгдсэн УРАМ хэмээх сэтгэлийн ВИТАМИНЫГ бусдад харамгүй түгээ. Та ч бас эргүүлж авах болно. Гарцаагүй!

No comments:

Post a Comment