Saturday, September 3, 2016

Төсөөл дөө...


Хөгжил дэвшил хэдийгээр сайн ч хэтийдвэл юу болохыг таашгүй. Өдөр ирэх тусам технологийн дэвшил, шинэчлэл, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн агуу гэж нэрлэгдэх бүтээлүүд биднийг гайхшруулсаар л байна. Гэвч!
Төсөөл дөө...

Хүн машин унахдаа өөрөө жолоодохоо больж, товчлуур дарах төдийд олон саяын үнэтэй машин өөрөө хүссэн газарт тань очиж, тэр ч байтугай өөрөө өөрийгөө зогсоолд байрлуулчихна. Хувцас урагдлаа гэхэд нэг дөрвөлжин магадгүй гонзгой зүйл дотор хийхэд л өөрөө ханзлагдаад, хаваад, шидээд, өмсөхөд бэлэн болчихсон гараад ирнэ. Хүүхдээ уйлахыг нь болиулах гэж нүүрэн дээр нь таблетаа наах энүүхэнд байгаа эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилсөн бас нэг юм удахгүй гарах л байх.
Яг л автобусны кондуктор гэсэн ажлын байр алга болсон шиг тун удалгүй ресепшн, дэлгүүрийн худалдагч, бие хамгаалагч, шалган нэвтрүүлэгчээс эхлээд зураглаач, тогооч, хуульч гэсэн мэргэжил хүнд хэрэггүй болох биз.
Онгоцны үйлчлэгчийн оронд танд тусгай үйлдэлд робот үйлчилж, хахир дуугаар юу уухыг тань асууж, ямар ч сэтгэлийн илэрхийлэлгүйгээр баярлалаа гэж хэлж байна гэж. Ямар нэртэй байлаа даа, нэг зөгнөлт кинон дээр гардаг юм. Хүмүүс бие биедээ бактери тараахгүй гэж бодитоор үнсэлцэхгүй, тэврэхгүй, унтахгүй, зөвхөн тусгай мэдрэмж авах зорилгоор киберь ертөнцдөө амьдардаг шиг тийм ирээдүй.
Энэ бүхнийг технологийн дэвшил шийдчих юм бол ХҮН гэдэг амьтан юу хийх гэж, яах гэж амьдрах юм бол? Мэдээж ажил олгогчид хүн ажиллуулснаас нэг төхөөрөмж аваад тавьчихсан нь илүү хямд тусах л байх. Гэхдээ хүн ажиллаж, мөнгө олж байж эргээд өөртөө хэрэгцээт зүйлээ авч тэр ажил олгогчийн бизнест хөрөнгө оруулж, гарсан мөнгө эргэлддэг жамтай. Энэ цикль алдагдвал одоо мэдэгдэхгүй ч магад 20 жилийн дараа роботоор дүүрсэн ажил олгогчид ЖИНХЭНЭ ХҮНД зориулж биш, робот машинд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бизнесээ өөрчлөх шаардлагатай болно.
Хамгийн харамсалтай нь хүн хэзээ ч өөрөө аливаа зүйлийг хийсэн шигээ мэдрэмж авч чадахгүй болно. Товчлуур дараад л хүрэх газартаа очих нь амар боловч машин барих, давхих, шарвалт хийхэд ямар мэдрэмж төрдгийг ахиж мэдрэхгүй. Нөхрийнхөө урагдсан цамцыг өөрийнхөө гараар оеж өгөөд баярлалаа гэхэд нь нэг их уран хүн болчихсон мэт мэдэрдэг тэр их сэтгэл ханамжийг хэзээ ч мэдрэхгүй. Хүүхэд чинь уйлахад энгэртээ тэврээд бүүвэйлэхэд төрдөг тэр их агуу хайрыг анзааралгүй өнгөрнө.
Яг л хэдхэн жилийн өмнө компьютер байхгүй байх үед байрны бүх хүүхдүүд гадаа шаагилдаж, телевиз кабель байхгүй үед хөгшчүүл гадаа сууж шатар тоглож, интернет, ухаалаг утас байхгүй байхад хосууд уулзахын тулд, нэгнийхээ хоолойг л сонсохоор сэтгэл догдлон биедээ тэмүүлдэг байсан шиг тэр бүх нандин мэдрэмж үгүй болно гээд төсөөл дөө..!

2016.08.27
Амьд харилцаагаа технологид алдаж байгаагаа мэдэрч байгаа ч одоо ч ашиглаж суугаа дэлхийн иргэн Ариунаа

No comments:

Post a Comment