Thursday, August 25, 2016

Амьдралын хамгийн үнэт зүйл


"Чиний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Ирээдүйгээ ямар байгаагаар төсөөлж байна?" хэмээн багшийн тавьсан БАЙДАГ Л НЭГ асуултад нэг нэгээрээ хариулж байлаа. Эхний эгнээнд сууж байсан Итали бүсгүйн амьдралд нь нэр төр юу юунаас илүү чухал, ирээдүйд мэргэжлийнхээ оргилд нь хүрнэ гэсэн том зорилготой гэснээр бидний "халуухан" яриа эхэллээ. Түүний хажууд суух Тайланд бүсгүй "мөнгө хамгийн чухал нь, ирээдүйд би дэлгүүрээс юм худалдаж авахдаа үнийн шошгыг нь харахгүй авдаг болохсон гэж мөрөөддөг" хэмээн их л хошигносон байдалтай хэллээ. Яг миний хажууд сууж байсан Сири бүсгүйн ээлж ирэхэд
тэр нэг их том санаа алдснаа "Миний хувьд энх тайван байдал л хамгийн чухал. Ирээдүй минь амар амгалан, дайн дажингүй, хүүхдүүд минь инээмсэглэж л байвал надад хангалттай. Хамгийн хайртай хүмүүс минь өвчнөөр ч биш, байгалийн гамшигаар ч биш, зүгээр л ямар ч утгагүй, шалтгаангүй гэхэд хилстэхгүй дайнаас болж нүдний өмнө амьсгал хурааж байхыг харахаас илүү хэцүү зүйл байдаггүй юм байна лээ" гэж хэлэхдээ царай нь хувьс хийгээд л явчихав. Мэдээж дурсахыг хүсээгүй дурсамж нь сэргэсэн биз. Гэхдээ яг хажуунаас нь ажиж суусан миний хувьд түүний үнэт зүйлийг өөрийнхтэйгээ тэрхэн хооронд харьцуулаад амжсан юм. Тэгээд бахархлаа. Бас айлаа.
Бидэнд байгаа тэр их үнэтэй зүйлээ бид огт үнэлдэггүй юм байна. Газар хөдлөлтгүй, дайн дажингүй, терроризмгүй ЭНХ ТАЙВАН БАЙДАЛ. Гэхдээ удахгүй энэ бүхэн алга болох юм биш биз дээ гэж сэртхийлээ.
Бид эв нэгдэлгүй, дотроо хагаралдсан, бутарсан, амиа хичээсэн, нэгнээ хэмлэсэн хэвээрээ л байвал тэр цаг хэзээ мөдгүй ирнэ. Харин тэр үед л одоо бидэнд юу ч биш юм шиг санагдаж буй хамгийн үнэт зүйлээ бусдад тавьж туучихаад мөнгө, эрх мэдэл, албан тушаал, амбиц амьдралын хамгийн чухал зүйл биш юм байна гээд толгойгоо шааж суух вий гэж айлаа.

2016.08.25
Манчестер

No comments:

Post a Comment