Өөрт төрсөн сэтгэгдлээ яг тэр хэвээр нь буулгаж, хожмын нэг өдөр яг мэдрэмжээ мэдрэх зорилгоор эхлүүлэв Instagram: @ariuniq
Saturday, October 29, 2016
ХЭЗЭЭНЭЭС
Хэзээнээс ийм болчихов доо хоёулаа, хайрт минь
Хагацал үл салгах мэт нэгнээ хайрласан цаг саяхан
Харин одоо хар даа, асуудал үүсэх бүрт бурууг нөгөөгөөсөө эрж
Харамсахгүй мэт булай үгсийг чөлөөтэй чулуудах болж.
Хайр гэх үгийн илэрхийлэл болсон үе чи бид хоёрт байсаан
Хүн бүхэн эргэж харам аз жаргалын гэгээ бидний нүдэнд асдагсан
Харин одоо хардаа, чи миний нүд рүү, би чинийх рүү
Хаана байна, хэзээ ч бөхөшгүй мэт байсан тэр тод оч?
Хамгийн нандин бүхнээ чамдаа өгч
Хадгалж яваарай сэтгэлдээ гэж харамгүй зориулсан
Хайртай хонгор үр минь үүний баталгаа
Хорвоод бүтээсэн хамгийн том гавъяа минь.
Амьдрал гэх их далайд арван дөрвөн жилийг хамтдаа туулахдаа
Магад хэтэрхий их хайрласнаараа бид буруудаж
Хардалт, харамсал гэх адгийн зүйлсийг түүнтэйгээ хольж
Хэнд ч хэрэггүй үзэн ядалт болгон хувиргачихав уу?
Хайртай гэх үгээр биш, хайрлуулах мэдрэмжээр хүн дутдаг юм
Хайртай гэсэн үгэнд биш, нэгнээ харах харцанд бүх зүйл нуугдаж байдаг юм
Хайртай гэх үгээр биш, халамжаар, хандлагаар сэтгэл тэтгэгддэг юм
Хайр гэж ундрахын нэр болохоос унтрахын нэр биш.
Гэхдээ удаан ийм байхаар
Хүн л болсон хойно эвлэрдэг бололтой
Юу ч өөрчлөгдөхгүй нь гэдэгт
Хичээхгүйгээр итгэдэг бололтой.
Чиний надад амласан амлалтууд одоо ч сонсдох шиг
Харин чи аль хэдийн мартжээ, би ч сануулахыг хүссэнгүй
Хичээсэн ч болохгүй байгаа зүйлийг
Хүчлээд хоёулаа хаа холдохов
Миний зорилго, хичээл, зүтгэл чиний хувьд
Намайг үл хүндэтгэх, буруутгах шалтгаан болохын цагт
Төгсөж үл болох эхлэл чинь байхыг хүссэн охин насны минь бодол
Дуусгахгүй бол үл бүтэх үргэлжлэл болж хувирах шиг
Хэзээнээс ийм болчихов доо хоёулаа, хайрт минь.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment