Tuesday, October 18, 2016

ИЖИЙ НЬ ОЛЖ ҮЗЭЭД УЙЛАХ ВИЙ, ДҮҮ МИНЬ!



Махаа тасдан байж төрүүлсэн үр минь шүү дээ гэж голдоо ортол гомдох вий.
Хүн бүр өсвөр насыг тойрч биш дайраад өнгөрдөг хойно үсчсэн, цовхочсон, сарвалзсан зан гарахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Эхийгээ үхээсэй гэж хараах хүртэл бол огт биш. 
Магад энэ хүүхдийн ээжид ганцхан буруу бий. Охиндоо тайван зааж зөвлөн тайлбарлахын оронд шууд хувийн орон зайд нь халдаж, хүчээр таслан зогсоохыг оролдсон гэмээнэ. Гэхдээ л эх хүн хэзээ байтлаа хүүхдэдээ мууг санаж, хорлохыг хүсээ аж дээ. Чадах ч үгүй.
Том болсон мэт мэдэрдэг, хэнээр ч юм хэлүүлмээргүй санагддаг өсвөр нас, өнгөрсөн үе хүн бүхэнд л бий. Биеэ даачихлаа, өөрөө өөрийнхөө бөндгөрийг мэдэх цаг нь боллоо гэсэн бодол тээж, том толгойлж явах үед, ээжийгээ надад юм хэлээд, хэлсэн үгийг нь тоохгүй гөжүүдлэн зогсоход минь цохиод авч билээ. 
Тэрхэн хооронд ганцхан секунд биеэ бариад зогсохын оронд өөдөөс нь гараа сунгаад алгадчихсан тохиолдол надад нь бий. Миний амьдралдаа хийсэн хамгийн том, уучилж болшгүй зүйл тэр. Би ээжээсээ түмэнтээ уучлалт гуймаар санагддаг. Яаж ч ээжийнхээ ачийг хариулсан байлаа гэсэн тэр л ганцхан тэнэг үйлдэлдээ би өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй, дотроо уйлж явдаг. Дараа нь зөндөө удаа уучлаарай гэж хэлсэн ч, "ээж нь мартчихсан шдээ" гэж хэлсэн ч, өөрийгөө уучилж чадашгүй, АЛДАА минь тэр. Одоо миний охин намайг тэгвэл яана гэж бодохоос ч зүрх зүсэгдэм. Гэхдээ тийм байдалд хүрэхгүй байх арга зам бий.
Хамгийн гол нь ээж нь хүүхэдтэйгээ найз шиг нь ярилцах, хүүхэд нь ээж ойлгохгүй шдээ гэж цааргалахгүй л харилцааг бий болгох хэрэгтэй юм билээ. Ээж минь надтай найз шиг минь харилцаж эхэлсэн тэр цагаас хойш бид хоёр нуух зүйлгүй, яг л охид хоорондоо нууцаа шивнэлдэж байгаа мэт, түүнийгээ дагаад асуудлыг шийдэхэд ч амар болсон. Сэтгэлзүйчийн зөвлөгөөнд "хүүхэдтэйгээ ярилц" гэж байдгийг манай эцэг эхчүүд "хүүхэддээ ярь" гэж ойлгодог болтой байгаа юм. Хүүхдээ багаас нь санаа бодлыг нь сонсож, юу ч болж байсан ширэв таталгүйгээр, загналгүй тайвнаар "миний хүү, охин яагаад ийм үйлдэл хийх болсон юм, ээж нь сонсое, хамтдаа шийдье. Чи энийг яаж шийдсэн дээр гэж бодож байна, ээж нь бодоод олдоггүй, туслаач. Эсвэл, миний охинд тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй хэлээрэй, бүх талаар нь чамайгаа дэмжих болно" гэх зэргээр өөртэйгээ илэн далангүй байх бүх боломж бололцоог нь хангаж байж хүүхэд нээлттэй болж төлөвшдөг. Эс бөгөөс өөртөө хаалт тавьж, бүхнээ нууж эхэлнэ. 
Хэрвээ чи өсвөр насны хүүхэд байгаад, энэ бичвэрийг минь уншиж байгаа бол, чамайг гэр бүлийнхэн чинь ойлгохгүй, үргэлж загнаж, хүчээр тулгах гэж байгаа мэт санагдаж байгаа бол, чи ч гэсэн ээждээ, аавдаа ингэж хэлээд үзээрэй. "Би уг нь тантай ярилцах гэхээр таныг намайг ойлгохгүй байх, шууд загнаад байх болов уу гэж айх юм. Та миний хэлэх үгийг таслалгүйгээр 5 минут сонсооч, гуйя" гэж үнэн сэтгэлээсээ хандаж байгаад санаж бодож яваа зүйлээ хэлээрэй. Хэлэхгүй, дотроо хадгалж, ганцаараа бачимдаж, хэн нэгнийг үхээсэй гэж харааж явснаас хамаагүй дээр сонголт. Чамайг гэсэн сэтгэлтэй ээж аав чинь заавал ойлгоно. Харин ээж аавуудаа! Эхийн санаа үрд, үрийн санаа хаана байх нь таны хүүхдээ хүмүүжүүлсэн арга барилаас л шалтгаална шүү.
"Энэ хорвоо дээр байхгүй ээжийнхээ гараар ганцхан удаа хацраа илүүлж, толгойгоо үнэрлүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй" гэж бичсэн найзынхаа сэтгэгдлийг уншиж байхдаа хичнээн баян байгаагаа мэдэрч суух юм. Байгаа дээр нь л хайрлахгүй бол өөр хэзээ гэж.

2016.10.10

No comments:

Post a Comment