Friday, August 21, 2015

Пинтүү үстэй “залуу”

       Сансар кабелийн сувгаар “Message sent” гэдэг нэвтрүүлэг гардаг байлаа. Тэр үед дөнгөж л чат нтр цэцэглэж эхэлж байсан юмдаг. Гэхдээ юу нь ч сонирхолтой байсан юм бүү мэд, байнга үзээд суучихна. Нэг удаа 11-13 насны өөртөө итгэлтэй охинтой танилцана гэсэн зар явж байнаа. Утас тэд тэд тэд гээл хөтлөгч нь уншиж байна. “Эгч” дөнгөж утастай болсон байсныг ч хэлэх үү, өөртөө үнэнхүү итгэлтэй, сайн уу гээл явуулчлаа.  Сайн, хэдтэй вэ гээл мессэж болзоо эхэллээ дээ. 
        Өө тэгээд зөндөө удаан бичсээн. Нийтлэг зүйл ч их байлаа. Би цэнхэр өнгөнд дуртай гэхэд тэр би ч гэсэн гэнэ. Би 5 сарын 15-нд төрсөн гээд бичтэл би ч гэсэн гэнэ. Битгий худлаа яриад байгаач гээд хоёул хоёулаа итгэхгүй.  Жаахан хүүхдүүд байсан юм чинь гэрийнхэн гаргадаггүй байсан ч юм уу бүү мэд, 2 жил лав уулзаж чадахгүй баахан мессэж бичсэн. Ёстой хайраа майраа болцон хоёр гар, ер нь нэг уулзъя болоод, нэг сайхан нартай өдөр уулзахаар тохирлоо. Түндэмүн сауны урд,кк /аргагүй хүүхдүүд л байсан юм даа/. Яваад очлоо. Нэг пинтүү үсний засалттай, дөрвөлжин шоотой шарваар өмд өмссөн “залуу” хүлээж байх юм. Гэтэж очсноо, чи мөн үү? гээд л аваа хаялаа. Мөн л гэж байна. Ямар аан гэчихээд буцаад явчихалтай нь биш. 
     Яг үнэндээ тийм “залуу” гэж төсөөлж байгаагүй болохоор эгч бадарчихсан, өөртөө аймар итгэлтэй болоод л, за хаачих уу гэсэн хоёулаа алхая гэнэ. Дөрвөн замаар доошоо уруудаа, андуудын урдуур алхаад, 25-аар дээшээ өгсөж, буцаж модны хоёр руугаа алхаад, замдаа бас надад зайрмаг авч өгөөд байгаа юмаа. Замд нэг ядарсан ах таартал нөгөөх чинь мөнгө нтр өгч "рекламная пауза"-даад. Замдаа баахан хүсэл мөрөөдлийнхөө тухай надад ярьж өгсөн. Яриад л байлаа яриад л байлаа. Эгч тэгсэн чинь л яриаг нь сонссоор байгаад жинхэнээсээ дурлачихваа нөгөө пинтүү үстэй “залуу”-даа. Тэгж л нэг нөхрийнхөө барааг анх удаа харж билээ. Одоо бид хоёр хөөрхөн охинтой. Бас  5 сарын 15-нд төрүүлнэ гэж зүтгээд арай амжаагүй. 4 сарын 30нд  төрсөн.  Гэхдээ гурвуулаа үхрийн орд. Гурван зөрүүд гар бий.

No comments:

Post a Comment