Friday, August 21, 2015

Бас нэгэн төрөлтийн паян

      Төрөх сүүлийн хугацаа болсон ч охин минь гэдсэндээ баймаар санагдсымуу яасын, гарч ирдэггүй ээ. Жирэмсний сүүлийн үеийн хордлоготой, даралт өндөртэй байсан учраас эмнэлэгт хэвтэж байгаад төрөхөөр болсон юм. Нэг хонолоо, хоёр хонолоо, арав хонолоо байдаггүй. Эмч сүүлдээ "за маргааш чамайг сэдээлтээр төрүүлнэ ээ" гэхэд нь би эмчдээ "Үгүй ээ, хоёр дахь өдөр миний муу өдөр, өнөөдөр л төрчихье, тэх үү?" гээд ятгасаар байгаад /үнэн зоргоороо/ өнөөх сэдээлтийн эмийг нь тавиулав аа. 

     Намайг эрэгтэй эмч эх барьж авахаар болсон юм. Эгч бөөн маяг. Хөлөө сайн дэлгээд өг гэсэн чинь ичээд л, сандраад л хаха. За тэгээд сэдээлтийн эмээ тавиулчихаад төрөх тасаг руу шилжив ээ. Үүдээр нь яваад л орсон, энд тэнд нээх том том гэдэстэй, памперстай хүүхнүүд асрагчаараа хөтлүүлчихсэн, уйлаад л, чирүүлээд л явахын. Өвдөлт өгч эхлээгүй хүнд тэр чинь бараг за би хаана ороод ирчихвээ л гэмээр санагдаж байгаа юм чинь. Эхний дөрвөн цаг өвдөлт байдаггүй ээ, хүмүүс уйлаад энд тэнд хүүхдүүд төрөөд байхад, эгч гар утсаараа тоглочихсон, зугаатай нь аргагүй сууж байгаан. Тав дахь цагаас хэрэг бишдлээ. 

    Юун нөгөө хүмүүс шиг асрагчаараа хөтлүүлээд “аягүй хөөрхөн” уйлж явах. Нээх том гэдэстэй, бас памперстай нөхөр мөлхөөд, орныхоо толгойноос барьж “ээжээ” гэж орилоод, нөгөө бөмбөгөн дээр нь байн байн үсрээд, бүр сүүлдээ амандаа алчуур хийж байгаад уйлж гарлаа. Миний хажууд дөрөв дэх төрөлт нь гээд нэг эгч, юу ч болоогүй юм шиг яах ч үгүй хэвтэж байснаа, хүүе асрагчаа миний дүү, эгч нь төрж байх шиг байнаа, толгой нь цухуйчлаа гэж үү, "аймар" амар. Би гэтэл бөөн сүр. Савны амсар нээх дусал залгуулчихсан чинь зүгээр хүмүүс шиг нэг өвдөөд, хэсэг амраад ахиж өвдөнө гэсэн ойлголт байхгүй. Байнга өвдөөстэй, хамаг биеийн ясыг нэг нэгээр нь хугалаад байгаам шиг. За тэгсэн нөхөр залгаж байна, яаж байна л гэж асуух гэж байгаа бололтой. Битгий байн байн залгаад бай, яаж зүгээр байдын, чамаас болжаан гээд л/би уг нь тэгж хэлэхгүй гэж боддог байсын, яг өвдөөд ирэхээрээ өөрийн эрхгүй тэгж хэлдийн байна лээ шүү/. Нөгөө эрэгтэй эмчээсээ ичээд байсан хүн чинь байхгүй, алив эмчээ үхлээ хатлаа, намайг төрүүлээдэх гээд орон дээр нь байсхийгээд л гарч хэвтээд. Тэгээд "болоогүй байна буу, 8 хуруу" гэж загнуулна. 

    Тэгсэн яг төрөх болохоор өөрийн эрхгүй дүлээд эхэлдэг юм байна  лээ. Асрагч маань, "хүүе төрлөө, төрлөө байж байгаарай. Алив орон дээр гар" гээд, нөгөө эх баригч эмч маань "за, алив төрмөөр байна, төрүүлээд өг гүйцээ гээд байсан эмэгтэй одоо нэг дүлээдэх дээ, харъя" гэсэн чинь эгч өө нөгөө бариулнаас нь барьж байгаад хопп гэж ганц дүлээд л хүүхдээ гаргачихав. Яг төрсний дараа тэгээд өргөс авчихсан юм шиг зүгээр болчихдог юм байна лээ, сонин. Эгч аая тэр орноос буухдаа үнэн гавьяа байгуулчихсан, баатарлаг тулаанд ороод ялалтын тугаа мандуулаад гарч ирж байгаам шиг, тэргэнцэр дээр суугаад, асрагчаараа түрүүлчихсэн. Нөхөр, гэрийнхэн, хадмынхныг хараад нүд мүд талимаараад л, ооёоёо тэнгэрийн элч юм уу хаашайн.  Нөхөртөө утсаар уурлаад байсан нөгөөх чинь баглаа цэцэг хараад л хамаг уур гарчихаж байгаа юм даа. Тэгж л нэг их хөөрхөн гүнжийг энэ хорвоод төрүүлж билээ. Одоо жирэмсэн хүн харахаар яанаа гээд өмнөөс нь өвдөөд байдаг юм шүү. 

No comments:

Post a Comment