Хайрт минь. Ингэж нэг юм чамтайгаа учран золгох гэж. Гэхдээ хамгийн хачин нь чи миний сэтгэлийг бүрэн эзэмдэхээ больжээ. Чамгүй байсан миний амьдралын нэг сарын хугацаа хэдий бага мэт сонсдовч маш үр дүнтэй, зөв алхам болжээ гэдгийг би одоо хожуу боловч ухаарсандаа бахдаж сууна. Өмнө нь чи миний амьдралын гол дүр байхад өглөө босуутаа чамайг гэж, өдөр ажил дээр ч чи нүдний өмнө, орой гэрт ч чамайг л гэж утсаа оролддогсон. Дараа нь чи найзууддаа намайг дурлуулсан. Миний бүх амьдрал та нараас хамаатай мэт болж, амьдралынхаа тайланг цаг минуттай нь та нарт бичих хэрэгтэй юм шиг санадаг болов. Гэхдээ ганцхан би чамайг хайрладаг байгаагүй ээ. Миний найз нөхөд, миний эргэн тойрны бүх хүн, зөрж өнгөрөх бүхэн, зөвхөн энд ч биш дэлхий даяар чамайг "хайрлаж" байна,
FACEBOOK минь.
FACEBOOK минь.
Чи хэдий зугаатай ч гэлээ, чи хэдийгээр хүмүүсийг учруулдаг ч гэлээ, чи холыг ойртуулдаг ч гэлээ цагийн дайсан, шуудхан хэлэхэд амьдралын садаа. Амьд харилцааг үгүй хийгч! Тийм биз? Ямар ч завгүй хүн байсан, чамд дурласан л бол эхнэртээ, нөхөртөө, үр хүүхдэдээ, хамгийн гол нь өөртөө зориулж болох үнэлэшгүй цаг хугацаанаасаа чамд өдөрт заавал хэсгийг золиослон зарцуулах шаардлагатай болдог. Харин тэр цаг хугацааг өөр илүү зүйлд ашигтайгаар зарцуулж, хуваарилж чадсанаараа зорилго минь нэг цагийн өмнө ч болтугай биелж болдгийг би биеэрээ үзлээ, ойлголоо.
Чамаас анх салах шийдвэр гаргах амархан байсан. Зүгээр л чамайг утсан дээрээсээ устгаад л болчихсон. Эхний өдөр хэцүү байлаа. Гар өөрийн эрхгүй байн байн утас руугаа тэмүүлж, чамайг санана. Байхгүйг чинь санаад буцаагаад тавина. Харин 7 хоногийн дараа л гэхэд би чамайг санахаа больсон байв. Танай найзуудыг чинь ч бас устгачихсан болохоор ямар ч сөрөг энергигүй, миний амьдрал их л амар жимир. Энэ бүхэн миний буруу. Би л өөрөө чамайг сонгосноороо тэр муу муухайг хүслээрээ үзэж, бухимдаж, хэнд ч хэрэггүй сөрөг энергийн урсгалд цаг хугацаа, халаасны мөнгөө заран байж нэгддэг байжээ.
Би мэдээлэл авахыг хүсвэл чамаар дамжуулж биш, баталгаатай эх сурвалжаас нь шууд ороод уншчихдаг боллоо. Хэн нэгэнтэй холбогдох шаардлагатай бол чамаар дамжуулж биш, шууд залгаад л ярих зүйлээ хэлчихдэг болсон. Харин уулзах шаардлагатай бол царай царайгаа харалцан "амьдаараа" байсан нь илүү дээр гэдгийг мэдэрсэн. Бас би байнга онлайн байснаараа биш, утасны шугам нээлттэй байхад л надтай холбогдох зайлшгүй шаардлагатай хүн олоод ирж чадахыг нь харсан.
Тэгэхээр чи миний амьдралд онцын хэрэгцээгүй болсон байгаа биз? Хэдийгээр энэ бүхнийг би чамаар дамжуулж хүмүүст хүргэхийг хичээж байгаа ч тун удахгүй ганцхан миний хувьд биш ихэнх хүний хувьд чи биш АМЬД АМЬДРАЛ илүү чухал болж, чамайг зүгээр л хааяа л орж шагайдаг хуучны танил гэсэн статус бүхий аппликэйшн болгоно гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс бидэнд амьд харилцаа хэрэгтэйг ойлгоорой, хайрт минь.
2016.11.16
Улаанбаатар хот
Oo yutai unen be bi bas suuliin uyed fb.ee hereglehiig bagasgah gej hicheej yvaa gehdee burmoson ustgaj arai chadaagui l bnadaa
ReplyDelete