"Пинтүү үст" бид хоёр хүүхдэдээ нэр өгөхөөр болов оо. Анхны хүүхэд болохоор нэрэнд нь чухам ач холбогдол өгөөд л, охиныхоо эмээ өвөө нар, нагац, авга ах эгч нар, буурай өвөө эмээгээс нь асуугаад, санал болгосон нэрсийг нь будаанд хийгээд шигчихээр болсон юм. "За тар гоё нэр бичиж хийгээрэй, хүн аймар нэр гараад ирвэл өгөхгүй шүү" гээд л, манай хүн чухал царайлчихсан хэлж байна. Хүмүүс бүгд цуглаад л дор дороо цаасан дээр бичээд хуйлаад будаа руу хийгээд л байлаа. Шигшиж шигшиж, нэг нь гарч ирэхээр нь харсан чинь "Энх-Ариун”. Тэгсэн хадам аав “өө миний өгсөн нэр байна гэсэн чинь нөхөр бид хоёр хоёулаа өөд өөдөөсөө харснаа аймар санаа алдаж билээ.
Миний нэр Ариунаа, манай хүнийх Мөнх
гэсэн үе орсон юм л даа. Уг нь бид хоёрын нэрний дундаас л гаргаж ирсэн юм шиг
байгаа юм. Ямартай ч за зү болоод л хүмүүс гараад явлаа. Тэгээд ямар хүүхдээ
Энкээ гэж дуудах юмуу, эсвэл Ариунаа Ариунаа гээд өөрийнхөө нэрийг дуудаад
байх юмуу, надад лав таалагдахгүй байна, ийм нэр өгөхгүй шүү гээд би ч гүрийчихлээ.