Tuesday, June 6, 2017

ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ТӨМӨР ХҮН

      "Эхнэр, хүүхэд, эцэг эхээ ч умартан залуу халуун насаа армид зориулсансан. Ширхэг хадаас ч хувьдаа авалгүй, үнэнчээр улсдаа зүтгэж, амьдралынхаа 30 орчим жилийг цэргийн ангид өнгөрөөжээ. Гэхдээ одооны хүүхдүүд тэр хэмжээнд ойлгож, бидний үе шиг улс эх орныхоо батлан хамгаалалт, аюулгүй байдлыг чин сэтгэлээсээ үнэлж үзэхгүй байх шиг байгаа юм. Цэргийн алба ямар одооных шиг ганц жил байсан биш, цэрэгт явбал явсан шиг явж, төрийн хар хүн л болдог байлаа шүү дээ" гэж цаанаа л жаахан гунигтайгаар хүүрнэн суух өвөөгөө хараад өрөвдөх шиг, гэхдээ түүнээс илүүтэй бахархах сэтгэл минь давамгайлж байлаа.

ДҮҮДЭЭ


Өөрт минь ямар хамаа байхав
Өмнөхөө л хичээвэл барав гэж 
Тас хэлээ хазаад өнгөрмөөр байвч
Тэсгэл алдан учирлаж нэг үзээд
Ад болж 
Ам руугаа алгадуулах үе байх юм
Алдлаа даа яг энэ
Ахиж нэг бүдрэх нь гэж
Хэдэнтээ шаналж, бодон зүүдлэвч
Хэлээд нэмэр болохгүйг нь мэдрээд
Толгой сэгсэрч
Тэрхэн үгээ залгих үе ч бишгүй юм
Эгч нь мундаг хүн бишээ!

ҮНЭРЛЭХ ТӨДИЙД СЭТГЭЛ ХАНХИЙХ ЦЭЦЭГХЭН



        Ээж ээ, энийг би танд хийсэн! Зүрхэн дэлбээтэй шүү гээд гараа сарвайх охиндоо өнөөдөр үнэхээр их баярлаад хальтхан нулимс дуслуулаад амжив, би чинь. Том болоод мөнгөтэй болохоороо танд жинхэнэ цэцэг авч өгнөө гэнээ бас. Яалаа гэж дээ үр минь. Энэ хорвоо дээр цор ганц, хайраа шингээж өөрийнхөө гараар хийсэн чиний минь цэцэг ямар ч гоёмсог цэцгээс илүү үнэтэй, үнэ цэнэтэй юм шдээ гэхэд арай л гүйцэт ойлгож амжаагүй царайгаар "за!" гэх юм.
Саяхан л алгын чинээхэн байсан үр минь ямар том болоо вэ. Усанд ороод гараад ирэхэд "За ээж, хурдан хувцсаа өмс л дөө, аягүй бол даараад ханиад хүрчихнэ. Доогуураа оймсоо өмсчихвөл их л баярлах гээд байна шүү би!" гэж ирээд л яг миний хуулбар.

ДАВХАР ДАВХАРГУУДАА ТАЙЛАХ ЦАГ ИРЛЭЭ



       За одоо тооцоогоо гаргацгаана аа хэдүүлээ. Хэдэн айлаар орсон гэлээ? Айл бүртээ хэдэн ширхэг бууз, хэдэн грамм салат, цай ууснаа бодоод шатаах ёстой илчлэгийнхээ хэмжээг олцгооё. Ооё, ингээд дарамтлаад унавал бас гай яа 😄
       Би ер нь бондгор талдаа л даа. Угаасаа л унаган махтай байсан гэдэг нь өөрийгөө өмөөрдөг ганц үг. Хүүхэд гаргасны дараа би чинь дөнгөж төрсөн хүн шүү дээ гэж өөрийгөө хуурсаар даруй 4 жил болж байна 🙈За тэгээд суудлын ажил, өглөө гэрийнхээ үүднээс ажлын үүд, орой ажлын үүднээс гэрийн хаалга гэсэн амьдралын хэвшилд удаан байснаас өнөө гэдэс, гуя хасаа талийж өгөх нь тэр.

ХАЖУУДАХ...



       Амьд харилцаанаас авахгүй байгаа баяр хөөр, хөгжилтэй зүйлийг сошиалаас мэдрээд байгаа ч юм шиг амьдрал. Энийг зүүгээд "хажуудах"-даа үзүүлэв. Хальт хяламхийн, "аймарын" гэж хэлээд үргэлжлүүлэн утсаа ширтэв. Би ч утсаа барьж, камераа асаан, зургаа авч, олон нийтийн сүлжээнд тавилаа. Харин тэнд байгаа хүмүүс сэтгэгдлээ хэлж, зүрх дарж, тэрнээс нь би халамж аваад ч байгаам шиг. Цадаад байгаа ч юм шиг тийм мэдрэмж. Гэхдээ тэд ч бас "хажуудахаа" үл тоон утсаараа оролдож, амьд харилцаанаас биш сошиалаас баяр хөөр хайж суугаа. 

Та?

ҮНЭГҮЙ БЯСЛАГ ХАВХАНД Л БАЙДАГ


         Дөрөвхөн хоногийн дотор сая төгрөгтэй болмоор байна уу? Сарын дотор 8000 доллартай болох боломж байна гэж ирээд л дансны хуулгаа хавсаргасан, эсвэл $100-тын дэвсгэрт сагсайлгаж барьсан зургаар хачирласан постууд одоо бүр арай дэндлээ. Эхэндээ ч ийм юманд хэн итгэх вэ гэж бодоод нэг их тоохгүй өнгөрөөд байсан, бишээ! Тийм төрлийн постон дор "яаж вэ?", "би би!", "надад зааж өгөөч" гэж бичсэн хүмүүс ганц хоёр зуугаар тогтохгүй. Ажаад харахад тэдний ихэнх нь гэртээ нялх хүүхдээ хараад суудаг ээжүүд байх юм. За тэгээд бас л хэн хүнгүй ийм хямралтай үед гэртээ байхдаа мөнгө олчих санаатай, хань ижилдээ дэм болоод, ядаж өөрийн гэсэн халаасны мөнгөтэй байя гэж дотроо бодож л тэгээ биз. Гэхдээ!

АЗ ЖАРГАЛТАЙ ХОТОД АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОГСОД

     Өнөөдөр нэлээд их ажил амжуулах шаардлага гараад өглөө эртээ гараад явлаа. Уг нь би хурданаар нь гээд автобусаар юм уу ихэнхдээ алхаад явчихдаг болоод байгаа. Гэхдээ өнөөдөр эрт замын түгжрэл гайгүй дээр нь шуррр хийх санаатай гэрийнхээ хажуу талаас гар өргөөд нэг такси зогсохоор нь ороод суучихлаа. Сайн байна уу гээд мэндэлтэл хажуу суудал дээрээ ой дөнгөж хүрэх гэж байгаа болов уу гэмээр охиноо суулгасан эмэгтэй байж байна. Тийшээ гэдгээ хэлчихээд, охиныг нь өхөөрдөөд "яасан эрт ээжтэйгээ ажилдаа явж байхын, ээжийгээ дагаад байшиймуу, хүйтэнд гэртээ байж байхгүй" энээ тэрээ гээд л хошуугаа цорвойлгоол, охин ч өөдөөс инээгээд бид хоёр их л маасгар явж байв.